ОЛОН УЛСЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК ДАХЬ ХУВЬ ОРОЛЦООГОО НЭМЛЭЭ

2017-02-01  

Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк дахь Монгол Улсын ерөнхий хувь оролцоог тус бүр нь 120,635 ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 143 хувьцаагаар, тусгай хувь оролцоог 71-ээр нэмэгдүүлэхээр тогтлоо.

Ингэснээр хоёр том хөрштэй, далайд гарцгүй манай орны хувьд идэвхтэй гадаад бодлого баримталж, олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дэлхийн эдийн засагт эзлэх байр сууриа бэхжүүлэх урт хугацааны зорилтоо хэрэгжүүлэх, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг түлхүү ашиглах боломж бүрдэнэ. 

Банкны хувь оролцоо нь гишүүн орнуудын саналын эрх, тус банкнаас авах санхүүжилтийн дээд хэмжээг тогтоох үндэслэл болдог бөгөөд манай улс 0.06 хувийн саналын эрхтэй болж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн барина

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон төслийг дагаж өөрчлөлт орох, шинээр боловсруулах хуулиудын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Манай улсад зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийг цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналт, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийгмийн даатгал зэрэг байгууллага хэрэгжүүлдэг. Эдгээр байгууллага Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Өрсөлдөөний тухай, Гаалийн тухай болон Татварын ерөнхий хууль зэрэг хуулийн хүрээнд ажилладаг юм.

Гэвч энэ нь давхардал, хийдэл, зөрчил үүсгэж, улмаар салбарын хүрээний дүрэм, журмаар хүний эрхийг хязгаарлаж байгаагаас зөрчил шалган тогтоох болон шийтгэл ногдуулах нь харилцан адилгүй, тэнцвэргүй байдал бий болгожээ. 

Нөгөө талаар салбар бүр өөрийн онцлог нэрийн дор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны өөр өөр стандарт тогтоон хэрэгжүүлж байгаа гажуудал ч гарсаар байна. Тухайлбал Захиргааны хариуцлагын тухай хуульд зөрчлийг 14 хоногт багтаан хянан шалгахаар заасан бол Өрсөлдөөний тухай хуульд 60 хоногт гэж тусгасан нь зөрчил үүсгэж байгаа юм.

Энэ бүхнээс үүдэн Үндсэн хууль болон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, хууль тэгш үйлчлэх зарчмыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх үүднээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан байна.

Хууль батлагдсанаар зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг нэгдсэн байдлаар тогтоон иргэд, хуулийн этгээдийн эрх ашиг зөрчигдөхөөс хамгаална гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?