АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ХОТЫН А, Б БҮСЭД ТАТВАР, ХӨНГӨЛӨЛТ, ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ

2017-02-08  

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 03-03 тоот зөвлөмжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний талаар болон Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2016 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 12/5391 албан тоотын 6, 7, 8 дахь заалтын биелэлтийн явц, үр дүнгийн талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг тус тус сонсов.

Уг хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Батзориг удирдан явуулсан бөгөөд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хийсэн юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” 03-03 дугаар зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулан, нийслэлийн Засаг дарга, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох агентлагийн дарга нарыг оролцуулан байгуулсан байжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дэд Ажлын хэсгийг байгуулан, нийт 37 арга хэмжээг төлөвлөсөн хэрэгжүүлж байгаа юм байна.

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулахаар холбогдох хуулийн төслийг боловсруулж, яамдаас санал авч байна. Мөн 2017 оны хоёрдугаар сарын 20-ны дотор “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байгааг салбарын сайд дурдав.

Түүнчлэн “Агаарын бохирдлын хяналт” мониторинг явуулж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран дугуй, ажилласан тос зэрэг хаягдал шатааж байгааг хянах, амьжиргааны түвшин доогуур зорилтот бүлгийн айл өрхийн судалгааг нягталж гаргах юм. Энэ ажилд 22,3 сая төгрөгийг зарцуулахаар тооцоо гаргаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэжээ.

Иргэд олон нийтэд агаарын бохирдлын талаар үнэн бодит мэдээллийг түгээх, зохион байгуулж буй арга хэмжээнд татан оролцуулах зорилгоор олны танил хүмүүсээр дамжуулан уриалга гаргаж, “Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн хүрээнд 10 элчийг сонгож, эхний ухуулга сурталчилгааны ажил эхэлжээ. Мөн холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Холбогдох байгууллагуудтай хамтран “Ногоон зээлийн сан” байгуулах, дулаан алдагдал бууруулах байгальд ээлтэй бүтээгдэхүүн бий болгох чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн “Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай” 07/01 дугаар тогтоолын хүрээнд хийж буй ажлын талаар танилцуулга хийсэн юм. 2011-2015 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 132 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд үр дүн хангалттай сайн хэмжээнд хүрч чадаагүй байна. Тухайлбал, 176 мянган сайжруулсан зуух, нүүрсийг нийт гэр хорооллын өрхийн 90 орчим хувьд нь тараасан бөгөөд Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаагаар дээрх өрхийн 20-30 хувь нь л ашигладаг гэсэн дүн гарчээ. 2016 оны эцсийн дүнгээр Улаанбаатар хотод 30 орчим иргэн нүүж ирсэн байна. Үүнээс өрхийн тоо 20 орчим мянгаар нэмэгджээ. Нийслэлийн зүгээс өрхийн эдийн засгийг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдэх, хашаандаа дэд бүтцэд холбогдсон сууцтай болох технологийн шийдлийг нэвтрүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд голлон анхаарч байгаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Саранчимэг, Б.Батзориг нар асуулт асууж, санал хэлэв.Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат уг асуудлыг шийдвэрлэхэд эрх зүйн цогц шинэчлэл хийх шаардлагатайг онцлоод хотын А, Б бүсэд татвар, хөнгөлөлт, дахин төлөвлөлтийн асуудлыг шийдэж, иргэдийн санаачилга, хариуцлагыг сайжруулах, шат шатны байгууллагаас зоримог шийдвэрүүдийг гаргаж, нүүлгэн шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах нь зүйтэй хэмээсэн билээ.

Ингээд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүд асуулт асууж, санал хэлсний дараагаар холбогдох байгууллагуудад чиглэл өгөх дэд хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83,3 хувийн саналаар батлав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?