ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ИРЭХ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЛҮҮЛЖ 2020 ОНД АШИГЛАЛТАД БҮРЭН ОРУУЛСАН БАЙХ ШААРДЛАГАТАЙ

2017-02-08  

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжийг 500 мянган хүн амтай хотод зориулж, 1964 онд ашиглалт оруулснаас хойш 53 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдөр хотын хүн ам 1.3 саяд хүрч орон сууцны шинэ барилгууд олноороо ашиглалтад орсоор байна. Улаанбаатар хот баруун хаяанд байсан ганц цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй, аюулын түвшинд ажиллаж байгаа юм.

Хоногт дунджаар 170 мянган метр куб ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж өнөөдөр 190-210 мянган метр куб бохир ус хүлээн авч, механик болон биологийн цэвэрлэгээ хийн, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлээд Туул голд нийлүүлж байна. Байгууламж нь 2-5 дахин их бохирдолтой, хүчин чадлаасаа 20-40 мянгаар их усыг хүлээн авч байгаа юм.

Сүүлийн жилүүдэд хүлээн авч байгаа бохир усны болон бохирдлын хэмжээ эрс нэмэгдсэн. Бохирдуулагч үйлдвэрүүд нь урьдчилсан цэвэрлэгээ хийлгүй өндөр бохирдолтой усыг төвлөрсөн шугаманд нийлүүлдэг. Лагийг бүрэн боловсруулж дийлэхгүй, хүнд металийн агууламжтай бүрэн усгүйжүүлээгүй лагийг задгай талбайд хатаадаг учир үнэр ялгаруулах эх үүсвэр болж байна хэмээн танилцууллаа.

Иймд хуучин цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр орчин үеийн технологитой байгууламжийг барих үндсэн ажил хийгдэх хэрэгтэй гэж хэллээ.


Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогчЖ.Батбаясгалан: Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг боловсруулах тендер зарлаж, 4.8 тэрбум төгрөгийн өртгөөр маш сайн ТЭЗҮ хийлгэж авсан. Шинэ цэвэрлэх байгууламжийг 320 сая ам.долларын өртгөөр байгуулах тооцоо гарсан. Энэ мөнгийг хот дангаараа дийлэхгүй учир Барилга, хот байгуулалтын яам, Засгийн газрын дэмжлэг шаардлагатай болно гэв.

Төв цэвэрлэх байгууламжийг Францын VIELLO компани барихаар тендерт шалгарсан байна. Тус компанитай энэ сард гэрээгээ хийж, ирэх дөрөвдүгээр сард цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Байгууламжийг 25-30 жилийн хугацаатай концессийн гэрээгээр барих бөгөөд 12-15 жилд хөрөнгө оруулалтаа нөхөх юм байна.

УИХ-ын гишүүн Д.Батзориг: Байгууламжийг хэдэн жил ашиглаад төрд шилжүүлэх, төрөө үнэ төлбөр авах уу? гэсэн асуулт тавилаа.

Ж.Батбаясгалан: Төрд үнэгүй шилжүүлнэ. Хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс хойш хэдэн жил ажиллуулаад төрд шилжүүлэх талаар шийдээгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Цэвэрлэх байгууламжийг засварлах, шинэчлэх нэрээр асар их хөрөнгө зарцуулсан. Үр дүнтэй, үр дүнгүй хэчнээн тэрбум төгрөг зарцуулав. Өнгөрсөн жил гэхэд л 8.1 тэрбум төгрөг Улсын төсөвт суулгасан. Энэ хөрөнгөөр юу хийв?

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Төв цэвэрлэх байгууламжийг барих талаар УИХ биш Улаанбаатар хотын нэг агентлаг хариуцаад хийх ёстой ажил. Байгууламжийн барилгын ажлыг 2017 ондоо багтаан эхлэх ёстой. Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд багтаан дуусгах ёстой. Улаанбаатар хот бохироосоо салах ёстой. Асуудлыг захиргааны аргаар шийдвэрлэ.

 Гишүүдийн хувьд төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эрчимжүүлж, ирэх дөрөвдүгээр сард барилгын ажлыг эхлүүлж 2020 он гэхэд ашиглалтад бүрэн оруулсан байх шаардлагатайг ажлын хэсгийнхэнд онцгойлон анхааруулсан юм.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооноос Засгийн газарт тодорхой үүрэг, чиглэл өгөхөөр боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:ЗӨВ ШҮҮ 2017-02-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?