“МОНГОЛ ХҮҮХЭД” ГЭЖ ХЭН БЭ ГЭДГИЙГ ТОМЪЁОЛНО

2017-02-08  

Монгол Улсын хүн амын 1 сая гаруй буюу 35.8 хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг. Улс эх орны ирээдүй, хойч үе болсон хүүхэд багачуудын хөгжил, оролцоо, хамгааллын асуудлыг хөндөн, оновчтой шийдвэр гаргах нь төрийн болон төрийн бус байгууллага цаашлаад иргэн бүрийн үүрэг билээ. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУБИС-тай хамтран “Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурлаар Монгол хүүхэд судлал, хүүхдийн байгууллагын менежмент болон даяаршлын үеийн Монгол хүүхэд сэдвээр агуулгаа баяжуулж өргөн цар хүрээг хамарсанаараа онцлог болов.

Энэ удаагийн “Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хуралд төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш оюутнуудаас нийт 70 гаруй бүтээл ирсэн бөгөөд үүнээс “Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан ба орчин цаг”, “ Асрамжийн төвийн хүүхдийн нийгэмшил, бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх нь”, “ Өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтийн талаарх ойлголт хандлагыг судалсан нь”, ”Ял эдэлж буй эмэгтэйчүүдийн гэм буруугүйн төлөөс ба тэдний хүүхдийн эрхийн зарим асуудал” зэрэг өнөөдрийн нийгэмд тулгамдсан олон чухал асуудлыг хөндсөн илтгэлүүд тавигдлаа.

Тус хурлын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх хэлсэн үгэндээ ”Монгол Улсын Засгийн газраас түүхэндээ анх удаа хүн амын бүх бүлгийг багтаасан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэй тусгайлсан агентлаг байгууллаа. Нийгмийн энэхүү чухал салбарт зайлшгүй судлах шаардлагатай олон асуудлууд байгаа учир манай агентлаг нэн тэргүүнд судалгаа, эрдэм шинжилгээний ажилд гол анхаарлаа хандуулна. Энэ удаагийн “Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлаар Монгол хүүхэд судлалын талаар хэлэлцэж байгаагаараа онцлог. Мэдээж хүүхэд хөгжил, хамгааллын олон аргачлал, туршилга бий. Гэхдээ Монгол хүүхдийг гэр бүлийн орчинд хэрхэн хүмүүжүүлэх вэ, үүнд эцэг эх, асран хамгаалагч, нийгмийн ажилтнууд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран нэг чигт, нэгдмэл зорилго дор Монгол хүүхэд гэсэн томъёоллыг гаргаж ирэх нь зүйтэй. Энэ дашрамд бүтээл судалгаагаа ирүүлсэн нийт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч, оюутан, залуус, МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн хамт олонд талархал илэрхийлье. Та бүхний дэвшүүлсэн үнэтэй санал, санаачилга бидний ажлын газрын зураг байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Ийнхүү эрдэм шинжилгээний бага хуралд бүтээлээ ирүүлсэн шилдэг 32 илтгэлд батламж гардуулж цаашдын эрдэм шинжилгээний бүтээлийн ажилд нь амжилт хүсэхийн ялдамд илтгэлд дурдсан шинэ санал, санаачилга, судалгаа шинжилгээг Монгол Улсын хүүхэд хөгжил, хамгааллын салбарт тусгана хэмээн тодотголоо.

 

 

Эх сурвалж : Гэр бүл хүүхэд хөгжлийн газар

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?