ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХЭЭР ХОЁР УЛСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО

2017-02-17  

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын сайд, Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дарга, түүхийн ухааны доктор, профессор Будажапов Сергей Пурбуевичийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр талууд хоёр улсын ах, дүүгийн найрамдалт харилцааг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэр дундаа залуучуудын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлов.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “УИХ-ын 2016 оны намрын чуулганыг завсарлахын өмнөхөн Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийг санаачлан, өргөн мэдүүлсэн. Нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлох, төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэг, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх асуудлыг хуулиар зохицуулах шаардлага бий болсон.

Энэхүү хэрэгцээ, шаардлагыг үндэслэн залуучуудад чиглэсэн эрх зүйн орчинг бий болгох, залуучуудын нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан. Хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Мөн анх удаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг байгуулсан” хэмээн тэмдэглээд УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгийг байгуулан ажиллаж байгаагаа танилцуулав.

Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын “Единство Россия” намын “Молодая Гвардия” залуучуудын байгууллагатай хамтын ажиллагааны протокол байгуулснаа Улсын Их Хурлын гишүүн  Г.Тэмүүлэн хэлээд энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлагтай хамтран энэ оны дөрөвдүгээр сарын 01-02-ны өдрүүдэд хоёр улсын бизнес эрхлэгч залуучуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгав. Энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулах бөгөөд ирэх жилүүдэд ОХУ-ын Москва, Эрхүү, Улан-Үдэ зэрэг хотуудад хийх аж.

Иймд уг чуулга уулзалтад ОХУ-ын бизнес эрхлэгч залуучуудыг оролцуулах тал дээр анхаарал хандуулж, Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрыг зохион байгуулагчаар хамтран ажиллахыг хүслээ.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын сайд, Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дарга Будажапов Сергей Пурбуевич саналыг таатай хүлээн авч буйгаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын залуучуудын дунд зохион байгуулж байсан бусад уламжлалт арга хэмжээнүүдийг сэргээх, тогтмолжуулах талаар ярилцаж, санал солилцов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?