УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017-02-23  

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал (улаагчин) тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа өнөөдөр (2017.02.23) Төрийн ордонд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн уулзалтад Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байсан 56 ахмад хүрэлцэн ирэв.  

Сар шинийн баярын өмнө ахмадуудаа хүлээн авч уулзан үнэтэй үг, захиа даалгаврыг нь сонсдог сайхан уламжлал тогтсоныг УИХ-ын дарга М.Энхболд үгийнхээ эхэнд онцлоод “Бичин жил Монголчуудын хувьд өнөтэй сайхан жил боллоо. Улсын Их Хурлын ээлжит сонгууль болж, олон түмэн төрд итгэлт хүмүүсээ илгээж, шинэ хууль тогтоох байгууллагыг бүрдүүлсэн онцлогтой жил байлаа.

Үе үеийн түүхийг сөхөн үзвэл 1921 оны цагаагчин тахиа жилд Ардын хувьсгал ялж, шинэ Монгол Улсын үндсийг тавьсан, 1954 оны хөхөгчин тахиа жилд ард нийтийн санал асуулга явуулж, туурга тусгаар Монгол Улс болох чухал алхмыг хийсэн, 1981 оны төмөр тахиа жилд Монгол хүн сансрын уудамд ниссэн зэрэг олон чухал үйл явдлууд өрнөсөн байна. Ирж буй XVII жарны  гал тахиа жил ивээл буянаа өгсөн, сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд ахмадууддаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, гарын бэлэг гардуулав.

Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн асан Ч.Авдай, Н.Гэрэлсүрэн нар үг хэлж, төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудад байнга анхаарал, халамж тавьж, тусалж, дэмждэг Улсын Их Хурлын удирдлага, түүний Тамгын газарт баярлан талархаж явдгаа илэрхийлээд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ. Мөн Улсын Их Хурлаас эхчүүд, ахмадуудын талаар гаргасан хууль, тогтоомжууд олны талархлыг хүлээсэн, цаг үеэ олсон зөв шийдвэрүүд болсныг онцоллоо.

Хүндэтгэлийн уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Уулзалтын төгсгөлд ахмадууд Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагуудын хамтаар дурсгалын зураг авахууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?