Москва-Улаанбаатарын чиглэлийн МИАТ-ын 3-р сарын 2-ны өглөө Улаанбаатарт буух онгоцны нислэг 24 цагаар хойшилсон байна. МИАТ-ын онгоцны компьютерт нь гэмтэл гарсан гэсэн мэдээллийг албаны хүмүүс одоогоор өгчээ. Гэмтэл гарч, нисэх боломжгүй болсон тул нислэгийг бүтэн 24 цагаар хойшлуулж, зорчигчдыг Москвагийн онгоцны буудалд саатуулжээ. Гэмтлийн шалтгааныг олж тогтоосон МИАТ-ынхан сэлбэгийг Москва руу явуулсан ч, хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа бололтой.
Тус нислэгээр 3-р сарын 2-нд Монголд ирж, өнөөдөр лекцээ унших ёстой байсан алдарт зөн билэгтэн Виктория Райдос ч тэдгээр зорчигчдын дунд Москвад саатжээ. МИАТ-ын нислэгийн саатлаас болоод Виктория Райдосын Улаанбаатарт унших лекц хойшлох магадлалтай болсныг Монголын талын зохион байгуулагчид үгүйсгэхгүй байна. Үүнтэй холбогдож үүсэх зардал чирэгдлийг МИАТ хариуцах уу, үгүй юу гэдэг нь одоохондоо тодорхойгүй. Ямар ч гэсэн зохион байгуулагчдын зүгээс МИАТ компанид асуудал тавихаар болжээ.
Ц.ХИШГЭЭ