“ИЖИЙДЭЭ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” УЛСЫН УРАЛДААНЫ ДЭД БАЙРТ ШАЛГАРСАН ЗАХИДЛААС…

2017-03-07  

Хүсэл мөрөөдөл, зорьсон зорилгодоо хүрээд алс хол суухын цагт ижийгээ санагалзан чин сэтгэлийн угаас ийнхүү бичих бөлгөө.

Сайн байна уу? Хайрт ижий минь.Та минь сайхан хаваржиж байна уу?

Энэхүү захиаг хүү тань Дээдэс мэргэдээр хүрээлүүлсэн Дээрхийн гэгээн морилсон Цаст Түвдийн орноос бичин сууна аа. Хүү нь тандаа удахгүй очно. Та минь намайгаа хүлээсээр л сууна уу? Ижий таныхаа шүлэг, яруу найрагт дуртай байдгийг санагалзан хүү нь сэтгэлийн нандин үгсээ тээгээд бадаг бадгаар бичсэн шүлгэн захидлын хамт энэхүү захиагаа явуулж байна.

Эхэндээ таныгаа санах нь бага байсан ч он цагийн урсгал өнгөрөх тусам сүүл сүүл рүүгээ улам санаад сэмхэн мэгшдэг боллоо. Энэ их номынхоо хажуугаар таныгаа санахын эрхээр шөнө болгон зүүдээ манан байж, тантайгаа уулзах юм даа. Ачийг тань хариулж байна аа гэж зүүдлэх юм. Хүү нь бандида малгайг цэвэрхэн уячихсан, алтан шаргал нарны өнгөтэй шар торгон дээлтэй, үрчлээс  олонтой өргөн  том орхимж ороогоод тандаа үнсүүлж байна гэж зүүдэлдэг. Ай даа, таныгаа мөн ч их санах юм даа. Хаврын салхи зөөлөн илбэхэд санана, хайруу өвлийн жавар сэнгэнэхэд санана, намрын навчис шарлахад санана, бороонд цохиулж хувцсаа нороход бас санана.

Эндэхийн хуварга, лам нар бүгд л намайг “Та” гээд л авгайлах юм. Хүү нь таныхаа ачийг хариулж, зон олондоо буян хураахын тулд усанд ч орох завгүй номоо шургуу үздэг болохоор хүмүүс хүүг нь 35-хан настай залуу гэж танилгүй, зүсийг минь хараад авгайлж, гуайлдаг юм аа. За тэр ч яах вэ, ээж.  Нээрээ мартсанаас, манай голын Даш гуайн хүү энэ хийдэд надтай хамт ном үзэж байгаа. Хэд хоногийн өмнө Сэра хийдийн арын албаныхад Бакула ринбүчитэй уулзаж, Монголоос бурхны номд нэвтрэхийг хүссэн 130-аад лам шалгаруулж авчрах хүсэлтийг гаргаад Бакула Ринбүчи Монгол руу хэл явуулж, Даш гуайн хүүтэй хамт 130-аад банди авч ирсэн юм байна билээ. Дамжаагаа дүүргэж байгаа надад төдийлөн Даш гуайн хүүтэй ярилцаж суух зав гарахгүй юм. Өнөө өглөө тэднийг дагсал хаялцахын завсарлагаагаар очиж таныхаа бие лагшинг болоод нутгийн буурлуудын тухай хэсэгхэн асуун хуучиллаа. Даш гуайн хүү таныг бага зэрэг чилээрхээд байгаа хэмээн ярьж, миний сэтгэлийг өвтгөлөө. Эвий дээ, таныхаа хажууд байсансан бол нар, салхинд борлосон гарыг тань атгаад, нартын амьдралд эвэршсэн хөлийг тань бүлээн усаар шавшиж өгөхсөн. Ээж ээ, дүүг хойд уул руу эмэнд явуулаарай. Удвал цэцэг ургадаг юм. Хайрхнаасаа гуйгаад хэдийг тасдаж аваад буцалгаад уугаарай. Ижий минь та хурдан илааршина аа. 

Бага байхдаа хүү нь гүй ээ мөн хэцүү хүүхэд байж, таныхаа сэтгэлийг үргэлж чилээдэг байж билээ. Та минь намайгаа энэ хорвоод төрүүлээд ямар их баярлаж байсан бол доо. Тэгтэл хүү нь юм л бол өвдөөд.Хөөрхий аав минь намайг өвдөх бүрийд нутгийн сайн гэсэн мэргэн түргэн хүмүүс дээр очиж асуудаг байж билээ. Нэгэн удаа“Амархан бузартдаг, айлд ороод таваг идээнээс нь  хамаагүй бүү идүүлж бай, танай хүү Монголдоо гайхагдсан мэргэн хүн болно” гэж хэлэхэд аав та хоёр минь ихэд баярлаж билээ. Өлсөж, цангалаа гэхэд ухасхийн босч хоолыг минь халаан өгч, унтмаар байна гэхэд ямар ч ажилтай байсан ор, дэрийг минь засаж өгөөд л, үр минийхээ төлөө бүхнээ зориулсан аав ижий хоёр минь. Та хоёрын минь ийм их, агуу хайр надад шингэсэн юм болохоор хүү тань өдий зэрэгтэй Сэра хийдийн мяндаг сайтай лам болон сайн явж байгаа юм шүү дээ.

Хүү нь танаасаа арван жил хол байсаар энгэрт тань эрхэлсэнгүй ч, хүсэн хүлээсэн цаг хором ойртсоор одоо гуравхан жил үлдлээ дээ. Намайг очихоор нутаг усныхан маань бөөн хөл хөөрцөг болон угтах байх даа. Сэтгэлдээ би үргэлж тантайгаа хамт байдаг шүү, ээж ээ. Өлсөх, цангахын алинд ч миний сэтгэлд хамт байсан ижий тандаа хүү нь удахгүй очно оо. Даарч бээрэхийн алинд ч хамт байсан Дарь-Эх тандаа гүйсээр очно оо, ээж ээ. Үс нь буурал болсон тандаа яаран үр тань бурамтай чихэр өвөртлөөд очно оо.

Сайхан хархан гэзгэнд нь сор суусан ижий минь, та

Сайн сууж байна уу?

Алс хол цастын орноос

Алаг үр нь тандаа бичиж сууна аа

Ганжуурын номд шимтэн суралцаад

Галтай хүү нь алзахгүй явна аа

Тэнцэшгүй бодийг үүсгэн бясалгаж

Тэнэмэл хүү нь сайн явна аа

Гавжийн дамжааг дүүргээд очиход

Гуравхан жил үлдлээ, ээж ээ

Аагтай шаргал цайгаа оочлон уух зуур тань

Ачлалт хүү нь тандаа

Аглагийн орноос нисээд очно оо, ээж ээ

 

Ханхар буурал аав минь сайн биз дээ

Хангайн уул шигээ түшигтэйсэн дээ

Эгдүүтэй жаахан дүү минь сайн биз дээ

Эрхэлж наадаад тоглодогсон доо

Ай даа, хүү нь та нараасаа

Арван жил хол суужээ

Аавынхаа цээжинд наалдан явсан минь

Арваадхан жилийн өмнө байж дээ

Санаж байна шүү, та нарыгаа

Нарны эртэд гүйгээд очно оо

 

Сураглаж явна даа, та нарыгаа

Нутгийн хуваргаас бүгдийг нь сонслоо

Тан арцандаа хүрээд

Таны минь лагшин чилээрхсэн гэв үү дээ

Манал тэргүүтэндээ авралыг одуулан

Муу хүү нь хичээн залбирсаан

Жаргалтай, цогтой байгаасай хэмээн

Жамбалцанжодоо уншсаар итгэе дээ

Жавар сөрсөн шөнөөр нойр юугаа хасан

Жаахан хүүгээ тэврэн бүүвэйлж суусан

Таны минь их сэтгэлийн хариу болон ирэг ээ

 

Хөөрхий буурал ижий минь та хүүгээ

Зуны гурван сардаа заавал ирнэ гээд

Зам бараадан буудаг гэл үү

Замын машины дуунаар сэрээд

Нойр нь хулжин хэвтдэг гэл үү дээ, ээж минь

Хүү нь тандаа удахгүй очно оо

Хотны айлуудыг шуугиулсаар очно

Буурал болсон тандаа би чинь

Бурамтай чихэртэй очно оо, ээжээ

Арваад жил харь холд ном үзэхдээ

Аз жаргалын үүдийг нээхийг мэдлээ

Наалинхай хүмүүстэй ч учирч үзлээ

Нүүрэнд минь хүртэл үрчлээ суулаа

 

Хүмүүс намайг “та” ч гэх юм

Хирийг минь үзээд “гуай” ч гэх юм

Харин миний жаахан ижий л

Хорвоод элэгдэж буй үр намайгаа

Хөөрөн наадах хүүхэд шиг л бодож яваа

Аргагүй шүү дээ, саяхан л юм даг

Ачлалт буурал ижий минь үртэйгээ

Амин холбоогоор холбогдож нэг баярласан

Алаг хорвоод мэндлэхэд нэг баярласан

Ангир уургаа амлуулж нэг баярласан

Амьдралын харгуйд торниход нэг баярласан даа

 

Сор суусан ээждээ үнсүүлж байна гэж

Саалийн тань дээлийг үнэрлэж байна гэж

Сайн яваагаа харуулах гээд

Сайхан тандаа очиж байна гэж зүүдэлдэг ээ

Намрын навчис нэг нэгээрээ буугаад

Навчисын дэлбээн дээр бороон дусал унахад

Хайртай  буурал ижийдээ очоод

Хэлмээр үгс  хоолойд аргаад байх юм аа

Уулс  уулсыг даваад удахгүй очих хүүдээ

Урам хайрлаж, урт наслаарай, ээж ээ

                                                               

 

Таныгаа хүндэтгэн ёсолсон хүү Ринчендорж

 

 

Эх сурвалж : MNB.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Сүрхий бичжээ 2017-03-08
Зочин:Хүний газар эхийгээ санах гэдэг амаргүй байдаг байх даа 2017-03-08
Зочин:Лам хүмүүс сэтгэлээрээ, зөнгөрөө, зүүдэндээ уулздаг гэдэг үнэн бололтой 2017-03-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?