“ИЖИЙДЭЭ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” УЛСЫН УРАЛДААНЫ ГУТГААР БАЙРТ ШАЛГАРСАН ЗАХИДЛААС…

2017-03-07  

...Бид ээждээ хайртай гэхээсээ ер нь баярлуулж байсан нь их цөөн юм шиг. За яах вэ, Мартын 8, эх үрсийн баяраар л нэг утсаар ярьж, “Ээжээ баярын мэнд хүргэе.Тандаа хайртай шүү.Сайхан баярлаарай”, аль эсвэл “Бие нь гайгүй юу, бид сайн, санаа зовох хэрэггүй шүү” гэх зэргээр л ярих юм. Ажил, амьдрал, сургууль, цэцэрлэг гээд л зав багатай гэдэг шалтагтай болохоор тэгдэг биз дээ.

Эх хүн гэдэг хариу хэзээ ч нэхдэггүй ачтан юм. Үргэлж л үр хүүхдүүд  минь яаж байгаа бол гэж санаа зовж суудаг. Эд нар минь өвчин зовлонгүй ажил амьдрал нь сайнявбал хүүхдүүд минь та нар ээжийгээ баярлуулж байгаа хамгийн том бэлэг юм шүү дээ гэх... Бага байхад хөгжилтэй зүйл их л болдог байж.

“Ээжээ, ээжээ” гэсээр хамаг хурдаараа гүйн орж ирэхэд ээж гайхан “Миний хүү юу болов, яав” гэж асуухад, “Ээжээ би...” гээд л өвдөг нь шалбарсан ч тоосон шинжгүй нүүрэндээ инээмсэглэл тодруулан амьсгаагаа дарж ядан хоёр гартаа атгасан шороогоо алгаа дэлгэн харуулаад “Би унасан газраасаа шороо атгаад ирлээ” гэхэд “Өө миний хүү чинь том эр болохнь ээ, сайн хүү шүү” гээд үнсэхэд их л баярлан “Би тоглолоо” гээд дуу аялан гарсан гэдэг.

Яах вэ, ээж миний дэргэд хүнтэй ярихдаатэдний хүүхэд их мундаг, унасан газраасаа шороо атгаж босох айхтар хүүхэд гээд л магтаж гарахгүй юу. Тэгээд л ээждээ мундаг хүү болох гэж унасан газраасаа шороо атгаж байгаа  нь тэр.

Бойтгондоо хонхтой божир тожир алхаж явсан нялх хүү чинь ижийгээ тэврээд явах мундаг том эр болсон шүү ээжээ. Ээжтэйгээ би нэг зуны наадмаар явж, ээжийнхээ нутгийн наадмыг үзэх аз тохиосон юм. Дөргөн сумын наадам аймгийн наадмаас хоёр хоногийн өмнө болж билээ. Би тэгэхэд  цэргийн хөгжимчин, ахлагч байсан юм.

Долдугаар сарын 11-ний өглөө 10:00 цагт анги дээр бэлэн байна гэсэн ам тангараг өргөн байж чөлөө авч билээ. Тэр жил Ардын хувьсгалын 80 жилийн ой тохиож байсан юм. Бүх офицер, ахлагч нар парадын бэлтгэлтэй байсан болохоор тэр л дээ. Ээжээ, та санаж байгаа биз дээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам” гэдэг шиг тэр жилийн сумын наадам их гоё үнэхээр сайхан болсон доо. Хамгийн сэтгэлээс гардаггүй зүйл нь 128 бөх барилдахад хүү нь түрүүлж, сумын заан цол хүртсэн шүү дээ.

Хүүгээ шагнал аваад, медаль зүүгээд, индрээс бууж ирэхэд, миний ээж нүдэндээ баярын нулимстай намайг үнсээд, “Миний хүү нутгийн зон олноо баярлууллаа. Ээжийгээ бүр их баярлууллаа” гэж хэлсэндээ. Тээр жилийн сумын наадамд тэгж л би ээжийгээ баярлуулсан даа. Миний ээж арван хүүхэдтэй айлын том нь, есөн дүүгийн хайртай  эгч, долоон хүүхдийн ачит ээж, арав гаруй ач зээгээ өсгөж өгсөн буянтай буурал эмээ юм.

ЭЭЖИЙГЭЭ БИ САНАДАГ

Хань минь үрсээ эрхлүүлэхэд

Ээжийгээ би санадаг

Хажууд бүүвэй аялахад

Ээжийгээ би санадаг

Хатуу ааруул аяганд дэвтээхэд

Ээжийгээ би санадаг

Хатан орчлон зөөлөн зөөлөн эвийлэхэд

Ээжийгээ би санадаг

Данхтай цайгаа дээлэндээ ороож хүүгээ хүлээдэг

Даарчих вий гээд гутал дотор эсгий дэвсдэг

Алдчих вий хүү минь гээд тарни уншдаг

Аав болсон ч хамаагүй алаг үр минь гэдэг

Нүдэндээ нулимсцийлэгнүүлэн

Нууцхан би ээжийгээ санадаг

Нутаг усаа зорьж очоод

Ээжийдээ би золгодог

                                                           

 

Мэхийн ёсолсон : Хүү С.Цэрэнноровоос

Ээж Д.Буниад

 

 

Эх сурвалж : MNB.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?