ӨНӨӨДӨР МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫН ӨДӨР

2017-03-18  

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болж яваа эр хүн танд баярын мэнд хүргэе. Энэ өдөр

Ханагар сайхан өвгөдийн минь баяр

Халамжит дулаан аавуудын баяр

Хатан зоригт эрчүүдийн баяр

Хайр булаасан залуусын баяр аа. 

 

Та бүхэндээ Шагдарын Дулмаа гуайн шүлгүүдээс хүргэе.

 "ХҮҮГИЙН ЭЦЭГТ БИЧСЭН ЗАХИДАЛ

Хорин насныхаа босгон дээр золгон уулзаж танилцсан 
Хонгорхон зүрхээрээ анх хайрын бал амталсан 
Хүүгийн аав, эрхэм хүн таныг 
Хүндэтгэн дурсаж энэхүү захидлыг бичиж байна. Өнөөдөр хүү чинь арван найм хүрч 
Өөртэй чинь адилхан, ханхар эр болжээ 
Эх орондоо тангараг өргөн цэрэгт мордож 
Эрийн цээнд хүрч алсын моринд дөрөөлөв 
Яг л энэ өдөр чамайг би дурсаж 
Янаг сэтгэлийн хайраар цалгиж явснаа санаж 
Залуугийн чинь царайтай ав адилхан хүүгээ харж 
Захидал бичиж суунаа, хүүгийн аав чамдаа! 
Хоёр даалимбан дээлнээс өөр сольж өмсөх хувцасгүй 
Хоногтоо л ганцхан олддог "лавшаанаас” өөр хоолгүй 
Хотын нэгэн дүүрэгт ядуухан оюутны амьдрал 
Хомсхон байсан цагт, чи намайг орхиж 
Гэрээр дүүрэн хивстэй баян айлын охиныг 
Гэргий болгож аваад алс нүүж билээ 
Гэм зэмгүй мөртлөө бөөн гуниг өвөрлөсөөр 
Гэнэтхэн бид хоёр хаягдан үлдэж билээ 
”0пель” дугуйны дөрөөнөөс чарлан чарлан зуурч 
Ойчиж хоцорсон хүүгээ санаж байна уу чи! 
Одоо түүнээс хойш сар жил өнгөрөн 
Орчлон дэлхий эргэсээр олон намрыг үджээ 
Энэ олон жилд хүүгээ чи эргээгүй ээ! 
Энхрий бяцхан түүнийхээ турьхан биеийг тэврээгүй ээ 
Элэг нь эмтэрсэн үрийнхээ уйлан гунихыг үзээгүй ээ 
Эцгээ гэж дуудах шингэн дуугий нь сонсоогүй ээ 
Анх чамайг явахад гуравхан настай байсан ч 
Ааваа гэж үгүйлсээр арван хэдэн жил болов 
Аавын зай гэрийн хойморт ханхайн эзгүйрч 
Арван таван намартай аанай бас золгов 
Хүнийх болон одож, сэтгэл буруулсан чамд 
Хүү чинь саналаа гэж, хэлж би зүрхлээгүй ээ! 
Хүүхнүүд шиг бас мөнгө горилон заалдаж 
Хөөрхий чамайг зовоож, нэхэл дагал болоогүй ээ! 
Сайхан амраг хувирдгийг зүрхээрээ тэгэхэд амсаж 
Сартай шөнөдөө нойргүй уйлан суудаг байлаа 
Салаа замын уртад цөхрөн хүлээж суугаад 
Санаа бодол үймрэн дэн дун явдаг байлаа. 
Yүрийн цолмон шиг гоо сайхан бүсгүйтэй ханилсан гэж 
Yеийн хүүхнүүд ярихад, атаархан хорсож байгаагүй ээ 
Yйлээ дагасан сэтгэлдээ гуниг зовлон тээж 
Yрээ гэсэн хайраар хүүгээ л гэж явлаа. 
Хэдэн хүүхнээс салсан гэж олны яриа сонсоод 
Хэлтгий гишгэсэн чамайг өрөвдөн санадаг байлаа 
Хээнцэр ганган юманд нүд хууртсаныг чинь бодоод 
Хэвтэртээ хүртэл би гомдон уйлдаг байлаа 
Хүний сайхан аавууд үрээ хөтлөн явахад 
Миний бяцхан хүү ганцаараа торойн гүйж 
Сайн хүн болно гэж ээждээ эрхлэн хэлээд 
Сургуулийнхаа зүг, уруу царайтай алхдаг байлаа. 
Бид хоёрын амьдралыг хэзээ ч чи мэдээгүй болохоор 
Бие сэтгэлээ барьж өдий хүрсэн ч гэсэн 
Орчлонд эр хүн болсон хүүгээрээ бахархаж 
Одоо би чамд сүүлчийн зурвас бичиж байна. 
Эргэн санах нас 
Хөгжилтэй сайхан хотын төвийн нэгэн дүүрэгт 
Хөөрхөн бор гэр дандаа л галтай байдагсан 
Аавын хийсэн хоолыг чи бид хоёр 
Амтархан идэж суудаг сан, санаж байна уу, чи? 
Гурван есийн жаварт хөвөнтэй цамцтай гүйж 
Гудиггүй бас чи, намайг гарахыг хүлээж 
Давтлага тарав уу үгүй юу хоёулаа хөтлөлцөн явж 
Дандаа л чи надтай тоглон эрхэлдэг байсаан! 
Хаврын сүүлч болоход сургуулъ маань ч тарж 
Хаа хол газраас мориор чи ирж, 
Ээж аав хоёр ч баяр хөөр болж 
Элэг бүтэн жаргалын сайхан бүхнийг амсаж 
Хос морьд унан сумын наадамд давхиж, 
Хоолтын өндөр даваагаар уралдан гарч байсан 
Хосгүй сайхан дуртгал зүрхнээс минь гараагүйг 
Холдож одсон чи минь эргэж нэг санаарай! 
Залуу насныхаа хайрыг энэхүү орчлонд амталж 
Жаргал гэдгийг үзсэн ид хорин насандаа 
Сайхан хүүтэй болж хөөр баяраар дүүрэн 
Цайлж суусан шүү дээ, тэр нэгэн өдөр! 
Хүний орчлон тэгэхэд хүй их жаргалаа 
Хүслээр учирсан надад, харамгүй өгсөн мөртлөө 
Ямар гуниг зүрхэнд минь орхиж 
Яасан билээ дээ, чи минь! 
Хорин насны минь босгонд дэндүү жаргал хайрлаад 
Хожим нь харин намайг гэнэдүүлж их хуурсан 
Хорвоогийн энэхэн амьдрал эрээнтэй бараантай гэдгийг 
Хожимдсон ч гэсэн чамд эргэн яримаар байна... 
Хүний эдлэх жаргалыг амсана хэмээн итгэж 
Хүж их дэлхийн дов сондуултай амьдралыг 
Хөнгөн залуу нас минь ухаарч гүйцээгүй байжээ 
Анхны ариун хайрын онгон охииг амталж 
Алаг үр тэвэрсэндээ сэтгэл өегшин сууж 
Аав нь үрээ орхидог гэж зүүдлээгүй явсан 
Анхил залуу нас минь эргэж ирэхгүй одсон ч 
Эмзэглэн уярах зүрхний үнэн үгийг хэлж 
Энэ л нэгэн захидлыг өмнө чинь би дэлгэе!

Аавын харц

Гоодон дээлнийхээ энгэрт эцгийн харцыг зүүж

Томоожиж өссөн хүүхэд нас минь

Өнөөдөр ч надад ихийг сануулдаг

Өвдөг сөгдөн буруугаа наминчилмаар болдог

Өргөн энэ хорвоогоос аавыгаа үгүйлэхдээ

Өвдтөл нэг гуядуулахсан гэж санадаг

Ухаарлын тэнгэртэй аавдаа баярламаар

Удаан хүлээгээд аавыгаа ирээгүйд нь гомдмоороо

Гэлээ ч аавын минь харц

Хэрсүү сууж ухаан тэлэхэд минь

Одоо ч гэсэн сэтгэлд хэвээр

Орчлонгийн их зайнаас ширтэн харсаар л...

Аавдаа

Ханат гэрийн хойморт

Ханхайж суусан аав минь

Хаа ч явсан намайгаа

Хайраар дутаагаагүй шүтээн минь

Дэлхийн цэнхэр салхинд

Дээлээ гандтал давхиж

Дээртэй доортой амьдралд

Дэндүү ухаалаг явсан та

Бодол бодлын үзүүрт

Бурхан аав минь санагдана

Болох болохгүйн эргүүлэгт

Буянтай сургаал нь бодогдоно

Өвөдөж сөхөрч явахад

Үгээрээ татаад босгодог

Халуурч дэвэрч сагахад

Харцаараа алгадаж ухааруулдаг

Намайгаа л гэж элэхдээ

Насаа хайрлаагүй аав минь

Үрээ л гэж эмтрэхдээ

Өөрийгөө гамнаагүй аав минь

Дэндүү их ачийг тань

Дэлхийд хариулж чадаагүй ч

Найргийн гэгээн зуландаа

Нартад таныгаа мөнхөлье дөө

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?