МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БНХАУ-ЫН “ЧАЛКО” КОМПАНИЙН ӨРИЙГ 100 ХУВЬ БАРАГДУУЛЛАА

2017-03-30  

“Эрдэнэс-Таван толгой” ХК болон БНХАУ-ын “Чалко Трэйдинг Хонконг Лимитэд” компанийн хооронд 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Нүүрс нийлүүлэх болон худалдан авах” гэрээний дагуу авсан нүүрсний үнийн урьдчилгаа төлбөрийг 2017 оны 3-р сарын 30-ны өдөр бүрэн барагдуулав. Өр төлбөрийг бүрэн барагдуулсан төлбөрийн даалгаврын эх хувийг Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад төрийн өмчит Эрдэнэс -Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд гардууллаа.

Өр тэглэснээр Цанхийн Зүүн уурхайгаас олборлож, борлуулах нүүрсний орлого энэ өдрөөс эхлэн Монгол Улсын төсөвт бүрэн орох болжээ. 2016 оны 9 дүгээр сард Эрдэнэс-Таван толгой ХК-ийн шинээр томилогдсон удирдлагын баг төлөх ёстой 350 сая ам.доллараас үлдсэн 100 сая ам.долларын өр буюу нийт төлбөрийн 30 орчим хувийг өмнөх удирдлагаас хүлээн авсан. Монгол улсын төрийн өмчит Эрдэнэс-Таван толгой ХК-ийн хамт олон Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу зөв, шуурхай менежмент хийж 7 сарын турш шаргуу хөдөлмөрсний үр дүнд Хамтарсан засгийн газраас эхлэлтэй, гурван засгийн газар дамжиж, 6 жил сунжирсан БНХАУ-ын Чалко компанид төлөх өрийг тэглэлээ.

2016 оны 9-р сараас 2017 оны 3-р сар дуусталх 7 сарын хугацаанд нүүрсний зах зээлийн эрэлт хэрэлцээнээс үүдсэн нүүрсний үнийн өсөлтийн таатай гадаад орчин, Монгол улсын засгийн газраас өгсөн оновчтой чиг үүрэг, үнийн нээлттэй сонгон шалгаруулалт, ЭТТ ХК-ийн зөв менжментийн үр дүнд нүүрсний үнийг 5 удаа нэмж, 27 ам байсан борлуулалтын үнийг 59,3 ам доллар болгож өсгөсөн нь Чалко-гийн өрийг бүрэн барагдуулах гол хүчин зүйл болсныг Эрдэнэс-Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд онцоллоо. 59,3 ам.доллар бол Цанхийн Зүүн уурхайн үнэ. Ийнхүү Цанхийн Зүүн уурхайн нүүрсээр БНХАУ-ын Чалко компанид төлөх өрийг барагдуулсан байна.

Өр барагдуулсантай холбогдуулан ирэх улирлаас буюу 2017 оны 4-р сарын 1-нээс эхлэн Чалко компанитай шинэ нөхцөлөөр үнээ тооцон Цанхийн Зүүн уурхайн нүүрсийг үргэлжлүүлэн нийлүүлэх гэрээ хэлцэл хэдийнээ эхэлсэн тухай ЭТТ ХК-ийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээллээ. “Эрдэнэс-Таван толгой” ХК нь хоёр жил сул зогсож байсан Цанхийн Баруун уурхайн олборлолтыг дахин эхлүүлэв. Тэгэхдээ нээлттэй үнийн сонгон шалгаруулалт зарласны үр дүнд уурхайн амнаас 72 ам.доллараар нүүрсээ борлуулж эхлэв. Өмнө нь уурхайн амнаас 45 ам.доллараар олборлож байсан нь хамгийн өндөр үнэ байсан байна. Тэгвэл түүхэн өндөр үнийг нээлттэй, ил тод, үнийн сонгон шалгаруулалтын дүнд тогтоосон болохыг ЭТТ ХК-ийн удирдлагууд тодотголоо. Цаашид энэ зарчмаа баримтлахаа Эрдэнэс -Таван толгой ХК-ийн удирдлагууд илэрхийллээ. 

Цанхийн баруун уурхайн олборлолтын сонгон шалгаруулалтад "Монгол Уурхайчид” түншлэлийнхэн шалгарч, гэрээт олборлогчоор Монголчууд өөрсдөө ажиллаж эхлэв. Энэ бол гаднаас эрэлгүйгээр Монголчууд өөрсдөө олборлолтоо ч, тээвэрлэлтээ ч эрхэлж чадна гэдэг сайн дохиог өглөө. Төрийн өмчит Эрдэнэс- Таван толгой ХК нь 100 хувь Монголын өмчит, 100 хувь монгол ажилчид ажилладаг. Нийтдээ 600 гаруй ажилтан албан хаагчтай.

Түүнээс гадна Тавантолгойн орд орчимд 5000 гаруй байнгын ажлын байр бий болсон байдаг. Түүний зэрэгцээ дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажилладаг. Эрдэнэс -Таван толгой ХК нь 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөвт 100 орчим сая ам.долларын татвар, хураамж төвлөрүүлсэн улс орны эдийн засагт гол нөлөө үзүүлэх компани болтлоо өргөжсөн байна. “Эрдэнэс-Таван толгой” ХК 2011 оноос хойш нийт 27.5 сая тонн нүүрс олборлож, 24.2 сая тонн нүүрс экспортолж, 1.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлсэн бөгөөд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрийн дагуу 2017 онд 11.5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нүүрсний үнэ гадаад орчинд өсөж, үйл ажиллагаагаа эрчимтэй явсан тохиолдолд Хүний нөөцийн санд төвлөрүүлсэн 200 сая ам.доллар, түүний хүү болох 39 сая ам.долларыг энэ онд багтаан дарахыг хичээж ажиллах үүрэг даалгаврыг ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Эрдэнэс- Таван толгой ХК-ийн удирдлагуудад өгсөн байна. Мөн 1072 хувьцааны асуудлыг ч түргэсгэж, амь оруулах чиг үүргийг оногдуулсан тухай Д.Ариунболд захирал хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээллээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Нэг ч гэсэн өрнөөсөө салж байвал овоо ш дээ. 2017-03-30
Дулам:Зөвхөн уул уурхайгаа өр зээлээ дарна ч гэж юу байхав. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ эргэлтэнд оруулах хэрэгтэй. 2017-03-30
Чулуун:Энэ нөхөр одоо хаашаа юм бэ зөвхөн уул уурхай нүүрсийн үнэ ханшийг тогтвортой байна гэж бодоод тооцоолол гараад байгаа юм байх даа. 2017-03-30
ЗОЧИН:Битгий хошин шогийн юм яриад байгаарай. Энэ улсад өөр өөр дарах салбар байхгүй юм шиг ярихын!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2017-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?