УИХ-ЫН ДАРГА ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ПАРЛАМЕНТЫН ТЭРГҮҮН НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА

2017-04-03  

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож буй гадаад орнуудын парламентын тэргүүн нартай хоёр талын хэд хэдэн уулзалт хийлээ.УИХ-ын дарга М.Энхболд: Монгол бол Бангладешийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны таван орны нэг.

Эхлээд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын парламентын дарга, хатагтай Ширин Шармин Чаудритай уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд ОУПХ-ны чуулганыг эх орондоо амжилттай зохион байгуулж буйд нь хатагтай Ширин Шармин Чаудрид баяр хүргээд, 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад тус улсын Ерөнхий сайд, хатагтай Шейх Хасина оролцсонд талархал илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс Бангладешийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны таван орны нэг бөгөөд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болж буйг онцоллоо.

Хоёр улсын худалдаа, эдийн засаг, бусад салбарын хамтын ажиллагааны асуудлыг уулзалтын үеэр хөндөв. УИХ-ын дарга М.Энхболд өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтран ажиллах боломж буйг дурдлаа.

Хатагтай Ширин Шармин Чаудри Бангладешт болж буй ОУПХ-ны чуулганд Монголын төлөөлөгчид оролцож байгаа нь манай орны түүх, соёлыг  таньж мэдэх, улмаар хамтын ажиллагаа өргөжих сайхан боломж олгож байна гэж тэмдэглэлээ. Тэрбээр бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт ордог манай улсын хувьд эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, бэлэн хувцас, сүлжмэл болон савхин эдлэл нийлүүлэх, дэд бүтцийн болон бусад салбарт Монголын хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэлээ.

Хоёр тал парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, парламентад найрамдлын бүлгүүд байгуулах, гишүүдийг харилцан айлчлуулж, туршлага мэдлэгээ солилцохын чухлыг онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Ширин Шармин Чаудриг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсныг талархан хүлээж авав.

Тайландын парламентын Тэргүүн дэд ерөнхийлөгч Сурачай Лиенбонлертчай : Тогтвортой ардчиллыг хөгжүүлэх нь бидний зорилго

Тайландын Вант Улсын Хууль тогтоох үндэсний ассамблейн Тэргүүн дэд ерөнхийлөгч Сурачай Лиенбонлертчай “Хоёр улс газар зүйн хувьд хол зайтай ч хамтын ажиллагааны цөөнгүй жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд парламент хоорондын хамтын ажиллагаа өрнүүн хөгжиж байна. Цаашид энэ харилцааг илүү идэвхжүүлэх, ойр дөт хамтран ажиллахыг бид эрмэлзлээ болгож байгаа гэдгийг Танд дуулгахад таатай байна гэлээ”.

Тэрбээр Тайландын Вант Улс Үндсэн хуулиа шинэчлэх үйл явцыг эхлүүлж байгаа бөгөөд энэ нь Тайландад тогтвортой ардчиллыг хөгжүүлэх бидний зорилгын нэгэн алхам юм хэмээн онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр улсын хоорондох хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад талархалтай байдгаа илэрхийлээд, парламент хоорондын харилцааг чухалчилж үзэж байгаагаа тэмдэглэв.

Монгол Улсын Их Хуралд УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаар ахлуулсан Монгол, Тайландын найрамдлын бүлэг байгуулагдсаныг мэдээлж, танай бүлгийн дарга энэ тавдугаар сард Монголд айлчлах гэж байгаа нь нэгэнт тогтсон найрсаг харилцааг бататгаад зогсохгүй, цаашдын хамтын ажиллагаанд шинэ үүд хаалга нээнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ирландын парламентын дарга Денис О’Донован : Малын гаралтай бүтээгдэхүүний экспортоор Ирланд дэлхийд дээгүүрт ордог

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Ирланд Улсын парламентын дарга, сенатч Денис О’ Донован тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийв.  УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын үеэр Монгол Улс Европын холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж байгаа, энэ хэлэлцээрийг Европын холбоо батлахын өмнө тус холбооны гишүүн орнууд соёрхон батлах шаардлагатай байдаг, Ирланд Улс баталчихвал Европын бүх орнуудтай шинэ хамтын ажиллагаа өрнүүлэх боломж бүрдэх тул энэ асуудалд анхаарлаа хандуулна уу хэмээн ноён Денис О’Донованаас хүслээ.

Түүнчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүний экспортоороо дэлхийд алдартай Ирландын туршлагаас суралцах, хөдөө аж ахуйн мэргэжилтнийг тус улсад сурган бэлтгэх, соёлын хамтын ажиллагаа өрнүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа М.Энхболд дарга илэрхийлэв.

Ирланд Улсын парламентын дарга, сенатч Денис О’Донован гэрээ соёрхон батлах асуудлыг нутагтаа очсон даруйдаа Засгийн газрын тэргүүн, Гадаад харилцааны сайд нараас асууж лавлаад, түргэвчлэх асуудалд биечлэн санаа тавина хэмээн амлалаа.

Мөн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхол хоёр талын аль алинд байгаа тул энэ уулзалт шинэ харилцааны эхлэл болно гэдэгт итгэж байгаагаа хэлэв. Тэрбээр “Манай улс хөдөө аж ахуйн талаар арвин баялаг туршлагатай. Махны экспорт, хонь үржүүлэх, нэмүү өртөг шингэсэн малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тухайлбал бяслаг, сүү, түүний дотор хүүхдийн тэжээлийн сүүг дэлхийн зах зээл дээр гаргах бизнесээр дэлхийд дээгүүрт ордог. Их Британи улс Европын холбооноос гарч, тус холбоон дахь англи хэлт цорын ганц орон нь манайх болоод байгаа эгзэгтэй цаг үе тохиож буй ч ХАА-н үйлдвэрлэлийн тэргүүлэх байр сууриа алдахгүйг хичээж байна” гэлээ.

Манай боловсролын салбар хэдийгээр бүрэн төгс биш ч, тогтолцоо нь маш сайн. Одоогоор Ирландад Монголын 1000 орчим иргэн ажиллаж, амьдардаг гэсэн тоо бий. Оюутан солилцооны талаар манайх нэлээд туршлага хуримтлуулсан, энэ хэлбэрээр гаднаас ирж суралцдаг оюутны тоогоор дэлхийд дээгүүрт ордог тул монгол залуусыг үүнд хамрагдаасай гэж хүсэж байна. Түүнчлэн хоёр орны соёлын өвөрмөц онцлог дээр тулгуурласан харилцаа, хамтын ажиллагаа сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна гэж ноён Денис О’Донован тэмдэглэв.

Мөн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг Ирландад очуулж, хамтын ажиллагааны бодит яриа хөөрөө өрнүүлэх, бүтээгдэхүүний экспортод евро стандартыг чухалчилж үзэх талаар анхаарахыг зөвлөлөө.

УИХ-ын дарга М.Энхболд энэ удаагийн уулзалтаар ярилцсан хамтын ажиллагааны асуудлаар хоёр тал идэвхтэй яриа хөөрөө өрнүүлж, үр дүнд хүргэхийн чухлыг тэмдэглэлээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ : PARLIAMENT,MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?