ХАНШ НЭЭХ ӨДРИЙГ ШИНЖИЖ ЗУН НАМРЫН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛДОГ

2017-04-04  

4-сарын 4 өнөөдөр ханш нээх өдөр тохиож байна. Энэ өдөр газар дэлхийн үртэй үндэстэй бүхэн урган төлжиж, хур шимээр тэтгэгдэн ичээний амьтад сэрэх  өдрийг ханш нээх өдөр гэж нэрлэдэг билээ. Өнөөдөр 22:22 цагт Ханш нээнэ. Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай.

Энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун намрын өнгийг тодорхойлдог байжээ. Мөн амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг ажээ. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байжээ.  Мөн хонь малынхаа хашаа хороог сэргээж, ямааныхаа ноолуурыг самнаж эхэлдэг ажээ.  

Энэ өдөр монголчууд адуун сүргийнхээ морьд сувай гүүний дэлийг засч, уламжлал заншлынхаа дагуу хязаалан үрээгээ хөнгөлдөг. Тиймээс ч “Унаганд нь уяашуулж, дааганд нь давтшуул, шүдлэнд нь шүттүгэй” хэмээн ерөөж, хязааланд нь хөнгөлж, өднөөс хөнгөн, сумнаас хурдан хүлэг болтугай” хэмээн ерөөл дэвшүүлж хүндэтгэл үзүүлдэг ёсон байжээ. Ханш нээх сайн өдрийг их ажлын үүд нээх өдөр гэнэ. Одоо цэцэг ногоо ургадаг сайхан улирал нь эхэлж байгаа гэсэн үг.

Хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолдог учраас урин цагийн эхлэл нь ханш нээх өдөр юм. Тиймээс манай ард түмэн дэлгэрч дээшлэх өдөр гэж билгэшээдэг юм.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?