ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН НЭГДҮГЭЭР ШАТ ӨНӨӨДӨР 17:00 ЦАГААС ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ

2017-04-12  

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” шийдвэрийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргаж, Улсын Их Хурлын тогтоол баталлаа. Энэ тогтоолын дагуу Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар, Төрийн ордонд 2017 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд явуулахаар шийдвэрлэсэн.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу санал асуулгыг удирдан зохион байгуулах, зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, санал асуулгын дүнг хэлэлцэж зөвлөмж гаргах, энэ талаархи мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан 5-11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар заасны дагуу Зөвлөлдөх зөвлөлийг 8 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Зөвлөл эхний хуралдаанаа хийж, Зөвлөлдөх зөвлөлийн даргаар Д.Ламжав, Н.Жанцанноров нарыг сонгосон байна. Мөн Үндэсний статистикийн хорооны боловсруулсан нэг дэх шатны санал асуулгын асуултыг баталсан байна.

Санал асуулга хоёр үе шаттай. Нэгдүгээр үе шат өнөөдөр 17.00 цагаас орон даяар эхэлж байна. Үндэсний статистикийн хороо 21 аймаг, 9 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар насанд хүрсэн 1570 хүнийг сонгожээ.

Хоёрдугаар үе шатанд эдгээр хүнээс 50 хувийг түүврийн аргаар сонгож, 29, 30-нд өдрүүдэд Төрийн ордонд болох хэлэлцүүлэгт оролцоно. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийнэ. Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулгын дүнгийн тайлан гаргаж, тавдугаар сарын 4-ны дотор Зөвлөлдөх зөвлөлд танилцуулна. Зөвлөлдөх зөвлөл тавдугаар сарын 5-ны дотор зөвлөмж гаргаж УИХ-д танилцуулна гэх мэт шат дараалалтай явагдах юм байна.

Харин Улсын Их Хурал Зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэсэн зөвлөмжийг харгалзан үзэх бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн талаар Зөвлөлдөх зөвлөл болон олон нийтэд мэдээлнэ. Зөвлөлдөх санал асуулгыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2017 оны төсвийн тодотголд тусгаж шийдвэрлэх юм

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?