ХАМГИЙН АЮУЛТАЙ ОРЧИНТОЙ НЬ СОНГИНОХАЙРХАН, ХАМГИЙН ЗАСАГЛАЛ МУУТАЙ НЬ НАЛАЙХ

2017-04-13  

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан”-г Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэжээ. Тус судалгаа нь нийслэл хот болон дүүргүүдийн хөгжлийн түвшинг цогц байдлаар үнэлсэн анхны бүрэн хэмжээний судалгааны тайлан болсноороо онцлогтой юм байна.Өнөөдөр судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод улсын хүн амын тал хувь нь оршин суудаг, эдийн засаг нийгмийн аж амьдрал төвлөрсөн томоохон хот гэдэг утгаараа хөгждийн ямар шатанд гарах вэ, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцлийг яаж сайжруулах вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлага байнга тулгардаг. Тиймээс бид нийслэл хотоо иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан, үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, олон улсад өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Энэхүү зорилгодоо хүрэхэд иргэдийн дуу хоолойг сонсох, нөхцөл байдлыг бодитойгоор үнэлэх, судалгаанд суурилсан оновчтой ул суурьтай шийдвэрүүдийг гаргах нь чухал юм. Энэ удаагийн судалгаа бидний цаашдын ажилд ихээхэн ач холбогдолтой гэж харж байна. Нийслэлийн иргэдийн дуу хоолойг сонсох, түүнд тулгуурлан Улаанбаатар хот, дүүргүүд хөгжлийн түвшнээ тогтоох, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах, үр дүнтэй төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд үнэ цэнэтэй мэдээллийн эх үүсвэр болно гэж бодож байна.” хэмээлээ.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмжсэн байна. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг дүүргүүдийн албан ёсны статистик мэдээлэл болон өрхийн асуулгын мэдээллээр цуглуулжээ.

Шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан өрсөлдөх чадварын индексийг Улаанбаатар хот болон 9 дүүрэг тус бүрийн хувьд тооцсон. Дүүргүүдийн өрсөлдөх чадварын индекс нь 0-1 хооронд утга авах утгын дарааллаар дүүргүүдийг эрэмбэлсэн. Энд индексийн утга 0 бол өрсөлдөх чадвар сул, 1 бол өрсөлдөх чадвар өндөр гэж ойлгож болно.

Тухайлбал:

ХАМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ нь Баянгол (Өрсөлдөх чадварын индекс 0.518), хамгийн сул нь Налайх (ӨЧИ 0.399)

АМЬДРАЛЫН ЧАНАР ХАМГИЙН САЙТАЙ нь Баянгол (ӨЧИ 0.671), амьдралын чанар хамгийн муутай нь Баянзүрх (ӨЧИ 0.579)

АМЬДРАХ ОРЧИН ХАМГИЙН ТААТАЙ нь Багахангай (ӨЧИ 0.588), хамгийн муу орчинтой нь Сонгинохайрхан (ӨЧИ 0.426)

ХАМГИЙН АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ нь Багахангай (ӨЧИ 0.666), хамгийн аюултай орчинтой Сонгинохайрхан (ӨЧИ 0.483)

ХАМГИЙН ЗАСАГЛАЛ САЙТАЙ нь Багахангай (ӨЧИ 0.443), засаглал муутай нь Налайх (ӨЧИ 0.336)

ХАМГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАМЖТАЙ нь Сүхбаатар (ӨЧИ 0.492), эдийн засгийн чадамж муутай нь Багахангай (ӨЧИ 0.107) зэрэг юм.

Судалгааны тайлангаас дүүргүүдийн өрсөлдөх чадварын ерөнхий индексээс гадна өрсөлдөх чадварын 5 бүлгийн индексүүд, Улаанбаатар хот болон дүүрэг тус бүрийн өрсөлдөх чадварын төлөв байдал, давуу, сул тал, тулгамдаж буй асуудлууд зэргийг харах боломжтой байна. Судалгааны зорилго нь дүүргүүдийг өрсөлдүүлэхдээ биш харин хөгжлийн ялгаа хэр их байна, өрсөлдөх чадварын өнөөгийн түвшин ямар байна, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг гаргаж ирэхэд чиглэжээ. Тайланг www.ecrc.mn цахим хуудаснаас үзэх боломжтой байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?