Монгол Улсын Шадар сайдын баталсан МХЕГ-ын 2017 оны төлөвлөгөөнд “Нийгэмд тулгамдсан тодорхой асуудлаар хэрэглэгчид чиглэсэн аяныг хяналтын чиглэл тус бүрээр зохион байгуулна” гэж тусгасны дагуу “Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сарын аяныг улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Аяны нээлт өнөөдөр болж, МХЕГ, НМХГ, барилга, эрчим хүч, харилцаа холбоо, зам, тээвэр, хэмжилзүйн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд болон тэдгээрийн хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн төлөөлөл оролцов. Мөн энэ үеэр АТҮТ-өөс автотээврийн хэрэгслийн явуулын оношлогоог, УБЦТС компаниас эрчим хүчний чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, аюулгүй ажиллагааны үзүүлэх сургууль хийлээ.
Сарын аяныг хөтөлбөрийн дагуу дараахь дөрвөн чиглэлээр зохион байгуулах юм. Үүнд,
1. Барилга байгууламж, хот байгуулалт, өргөх механизм, барилгын материалын хяналт
2. Автотээвэр, авто замын хяналт
3. Газрын тос, хий, хэмжил зүйн хяналт
4. Цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамж, ариутгах татуулга, харилцаа холбооны шугам сүлжээний хяналт
Аяны хүрээнд дэд бүтцийн салбарт мөрдөж буй хууль тогтоомжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлах, соён гэгээрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчмыг таниулах, аливаа болзошгүй эрсдэл, техникийн аваар ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аж ахуйн нэгжийн дотоодын хяналтын тогтолцоог төлөвшүүлэхэд зорьж ажиллана. Түүнчлэн дэд бүтцийн салбарын тогтвортой үйл ажиллагааг дэмжиж сайжруулан, дэд бүтцийн техникийн аюулгүй байдлыг хангуулахад голлон анхаарч, бизнес эрхлэгч иргэн, хуулийн этгээдээс хууль сахин биелүүлэх, эрх үүргээ хэрэгжүүлэхийг шаардахаас гадна бүх төрлийн мэдээ, мэдээллээр ханган, зөвлөн туслах чиглэлийг баримтлах юм.
ЭХ СУРВАЛЖ:МХЕГ