Биобэлдмэл гэдэг нь вакцин, цусан бүтээгдэхүүн, аллерген, эс, эд, рекомбинант уураг гэх мэт аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох зорилгоор хэрэглэдэг биологийн гаралтай бүтээгдэхүүн юм.
Биобэлдмэлүүдийг зориулалтаар нь:
1. Эмчилгээний (дархлаа тогтоох ийлдэс, гамма-глобулин)
2. Урьдчилан сэргийлэх (вакцин, анатоксин)
3. Оношилгооны (аллерген, эсрэгбиет, нян залгиур)
4. Сэргээх бэлдмэлүүд (амьтны цусны ийлдэс, АСД бэлдмэл, витамин В12-ын бэлдмэл гэх мэт) гэж ангилдаг.
Биобэлдмэл нь сахар, уураг, нуклеин хүчил зэрэг биологийн молекулуудын нэгдлээс гадна эд, эсээс бүрддэг. Биобэлдмэлийг хүн, амьтан, бичил биетэн зэрэг амьд организмаас гарган авдаг ба сүүлийн үед биотехнологийн аргаар үйлдвэрлэж байна.
Генийн болон эсийн технологид суурилсан биобэлдмэлийн судалгаа нь био анагаах, анагаахын биотехнологийн тэргүүлэх чиглэл болсон. Орчин үед биобэлдмэлийг бусад төрлийн эмчилгээ хийх боломжгүй өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор судалгаа шинжилгээний ажлууд эрчимтэй хийгдэж байна.
Хамгийн чухал биобэлдмэлүүд:
- Идэвхтэй, идэвхигүйжүүлсэн ба рекомбинант вакцин
- Гормонууд
- Интерферон
- Моноклон эсрэгбиетүүд, дархлаа тогтоох эсрэгбиетүүд
- Цус, цусан бүтээгдэхүүн
- Эд, эсийн банк /үүдэл эс/
- Ашигтай бичил биетний бэлдмэлүүд
Биобэлдмэлийг нээсэн түүхээс дурьдвал...
Антибиотикийг нээхээс өмнө олон сая хүн шарх, халууралт, цусанд бохир орох, цусан суулга, уушгины хатгаа, сүрьеэ зэрэг орчин үед эмчлэгддэг өвчнүүдээс болж нас барж байжээ. Харин одоо бактерийн гаралтай өвчнүүдийг антибиотикийн тусламжтайгаар эмчилж байна.
А.Флеминг 1928 онд анхны антибиотик болох пенициллинийг нээсэн
Английн эмч Эдвард Женнер 1796 онд анх цагаан цэцэг өвчний эсрэг вакциныг нээсэн бөгөөд идэвхитэй дархлаажуулалтыг төлөвлөөгөөтэй хийсний дүнд дэлхий дахинд цагаан цэцэг хэмээх аюулт өвчнийг устгаж, олон хүнийг өвчлөл, үхлийн аюулаас аварсан билээ.
Э.Женнер цагаан цэцэг өвчний вакциныг тарьж буй нь
Энэ цагаас хойш эрдэмтэд халдварт өвчнүүдийн эсрэг вакциныг нээж дэлхийн улс орнууд дархлаажуулалтын үндэсний хөтөлбөртөө нэвтрүүлснээр олон халдварт өвчний дэгдэлт, нас баралтыг эрс бууруулаад байна.
ХХ зууны эхэн үе хүртэл чихрийн шижин өвчтэй хүмүүс эмчилгээ байхгүйн улмаас нас барсаар байлаа. Харин 1920-иод онд инсулин гарган авснаар чихрийн шижин өвчтэй хүмүүст амьдрал бэлэглэсэн юм. Хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг инсулин гормоныг урьд өмнө нь үхэр, гахайн нойр булчирхайнаас гаргаж авдаг байсан бол орчин үед рекомбинант ДНК-ийн технологи ашиглан үйлдвэрлэснээр гаж нөлөө багассан байна.
1980-аад оноос эхлэн биобэлдмэлийн хэрэглээ ихэсчээ. 1977 онд анх удаа өсөлтийн гормоныг бичил биетэн ашиглан генийн инженерчлэлийн аргаар гарган авчээ. 1986 онд архаг бөөрний дутагдалтай өвчтнүүдэд эритропоэтин бэлдмэлийг хэрэглэсэн байдаг. 1985-1986 онд рекомбинант альфа уураг гарч ирснээр вирүст халдвар, архаг хепатитын эсрэг үр дүнтэй эмчилгээ бий болсон юм.
Биобэлдмэлийн ач холбогдол:
Рекомбинант технологоор гаргасан биобэлдмэлүүд:
- Цитокин (интерлейкин, интерферон г.м)
- Гормон (инсулин, соматотропин)
- Цус бүлэгнэлтийн фактор (ФакторVIII, фактор IX)
- Фермент (альфа-ДНК-аза, супероксиддисмутаза, тенектеплаза, проурокиназа)
- Вакцин (гепатит В-ийн вакцин, ХПВ вакцин, томуугийн вакцин, галзуу өвчний вакцинг.м.)
Биобэлдмэл хэрэглэх үед анхаарах зүйлс:
- Биобэлдмэлийг эмчийн зааврын дагуу, нас, биеийн онцлог, өвчинд тохирсон зохих тун хэмжээгээр, тодорхой хугацаанд зохистой хэрэглэх.
- Эцэх эхчүүд хүүхдээ товлолт вакцинжуулалтад цаг тухайд нь хамруулах.
- Вакцин хийлгэхийн өмнө ямар вакцин, хэд дэх тунг хийх гэж буйг эмч, сувилагчаас асуух. Вакцины хадгалалтын хугацаа, бүрэн бүтэн байдлыг шалгах.
- Биобэлдмэлийг хадгалах, хэрэглэх тухай үйлдвэрлэгчийн зааврыг мөрдөх
Биотехнологийн бүтээгдэхүүний хэрэглээ:
- АНУ-ын Хүнс, Эмийн Агентлагаар баталгаажсан 200 гаруй төрлийн эм, оношлуур, вакцин зэрэг биотехнологийн бүтээгдэхүүн хэрэглэгдэж байна.
- Хорт хавдар, зүрх судасны өвчнүүд, вирүсийн гаралтай халдварт өвчин, чихрийн шижин, ДОХ, Альцгеймерийн өвчин, Паркинсоны өвчин зэрэг өвчнийг оношлох, эмчлэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх зориулалт бүхий 400 гаруй төрлийн биотехнологийн бүтээгдэхүүний клиникийн туршилт хийгдэж байна.
- 2030 он гэхэд дэлхийн нийт эмийн бүтээгдэхүүний 80%, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 50%, химийн үйлдвэрлэлийн 35% нь биотехнологийн бүтээгдэхүүн буюу биобэлдмэл байна гэсэн тооцоог Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан байна.
ЭХ СУРВАЛЖ:НЭМҮТ