Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөнийг өнөөдөр Төрийн ордонд анх удаа зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэл Улаанбаатар хотын 9 дүүргээс ирсэн 416 шүүхийн иргэдийн төлөөлөгч, 114 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, төрийн байгууллагын 121 төлөөлөл, төрийн бус 77 байгууллага, судлаачдын төлөөлөл, дүүргийн хороодын 152 төлөөлөл, нийт 880 төлөөлөгч оролцлоо.
Энэхүү зөвлөгөөнөөр Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн төлөөлөгч оролцуулах тогтолцооны өнөөгийн байдал, сайн туршлага, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, зөвлөмж гаргалаа.
Зөвлөгөөний үеэр “Шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн оролцоо-Уламжлал ба өнөөгийн байдал”, “Шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн оролцоо-Хөгжлийн хандлага” гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг төлөөлж 30 гаруй иргэн саналаа хэллээ. Тэдгээр иргэд шүүхэд иргэдийн төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг нь хангах, жигд хувцастай болгох, үнэлгээг нэмэгдүүлэх зэрэг санал гаргаж байлаа. Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн саналыг шүүхийн шийдвэрт тусгадаг байх саналыг гаргасан юм.
ЭХ СУРВАЛЖ:PRESIDENT.MN