Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн шилдэг найман багийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. “Реал Мадрид” талбайдаа Германы “Байерн Мюнхэн”-ийг хүлээн авч 4:2-оор буулгаж авсан юм.
Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6:3-аар хожиж, хагас шигшээд шалгарсан юм. Энэ удаагийн тоглолтод талбайн эздээс Роналдо шилдэг тоглолт үзүүлж 76, 104, 109 дэх минутад гурван гоол хийсэн. Харин “Реал”-ын сүүлийн гоолыг 112 дахь минутад Асенсио оруулсан юм. “Байерн”-аас 53 дахь минутад Левандовски торгуулийн цохилтоос гоолдсон бол 77 дахь минутад Рамос өөрийнхөө хаалганд нэг гоол оруулсан юм.
Энэхүү тоглолтод Артура Видал 84 дэх минутанд улаан карт авч талбайг чөлөөлсөн нь “Байерн Мюнхэн” хожигдох гол шалтгаан байсан юм. Энэ өдөр Английн “Лэстер сити” талбайдаа Испаний “Атлетико Мадрид”-ыг хүлээн авч 1:1- ээр тэнцлээ. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Испаний баг шилдэг дөрөвт шалгарч байна. Тоглолтын 26 дахь минутад Сауль гоолдож, тооны харьцааг нээсэн хариу гоолыг 61 дэх минутанд Уарди оруулсан. Хоёр багийн эхний тоглолтод 1:0 ээр Атлетико хожсон юм.