Өнөөдөр буюу /2017.04.20 / С.Зориг агсны 55 насны ойд зориулж түүний ардчиллын төлөөх үйл хэргийг харуулсан 28 гэрэл зураг, эдэлж хэрэглэж байсан 100 гаруй эд зүйлсийг нь багтаасан үзэсгэлэнг дэлгэлээ. Ардчилсан хувьсгалын анхны удирдагчдын нэг Санжаасүрэнгийн зориг 1962 оны 4-р сарын 20-нд мэндэлж байжээ. Хэдийгээр 36-хан насалсан ч тэрээр Монголын ардчилал өнөөдрийг хүртэл хөгжихөд маш том үүрэг гүйцэтгэсэн гэж улс төр судлаачид үздэг.
Тиймдээ ч түүний анхны АХ-ын жагсаалыг эхлүүлж байхын зурагнаас эхлээд ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлэн олон улсын хурал чуулганд оролцож явсан мөч зэргийг харуулсан ховор сонин гэрэл зургуудыг үзэсгэлэнд дэлгэжээ. Хамгийн онцлууштай нь түүний амьд ахуйдаа сууж байсан ширээ сандал, тоглодог шатар, өмсөж байсан хувцас, барьдаг цүнх нь ч энэ үзэсгэлэнд багтжээ.
Бүр их сургуулийн оюутан байхдаа дүү Оюундаа зориулж бичсэн захидал нь ч байсан юм. Энэ үзэсгэлэнд Зориг агсны ах дүү, хамаатан саднаас гадна найз нөхөд, ангийн хамт олон, улс төрийн хамтран зүтгэгчдэд нь ч хүрэлцэн ирсэн юм. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 14-28-ыг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ.
Б.ШҮРЭЭ