БАРСАН ХЭВНЭГТ БААТАР

2017-04-24  

Гүржийн тэмдэглэл 2

                                  

Тбилис хотын төв дэхь яруу найрагч Шота Руставелийн хөшөөн дээр зорьж очлоо. Зав чөлөө бага байсан ч гэсэн ийшээ ирэхгүй буцвал нөхөддөө юу гэж хэлэх билээ. Манай залуус чухам хир мэддэг юм, бидний үеийнхэн “Барсан хэвнэгт баатар” гэдэг туульсаар нь гадарлана. Хөшөөний хажууд залуус их байлаа. Талбай дээр нь сүлжээ барих учраас тэд нөөтбүүк, таблет, гар утсаараа холбогдон тухалсан харагдана. Залуу үе нь мэдээж энд суухдаа домогт найрагчийнхаа тухай ямар нэгэн байдлаар ойлголтоо бататгаж авдаг байж таарна. Манайд хөшөөнүүдийн орчинд сүлжээ бий бил үү? Залуус ингэж суух боломж хир вэ? Руставелийн хөшөөний хажуугийн гудамжаар дүүрэн номын дэлгүүрүүд. Хөшөөн дээр ирсэн хүмүүс дэлгүүрээр орж ном авцгаана.

Гүрж орны уран зохиолын бахархал нь яруу найрагч Шота Руставели. Тэр XII зуунд амьдарч байсан. Түүнийг Гүржийн уран зохиолын хэлийг үндэслэгч гэж үздэг. Тэр хатан хаан Тамарагийн шадар хүн байжээ. Ордонд сангийн нярав хийдэг. Миний танилцсан Гүрж хүмүүсийн зарим нь түүнийг хатан хаанд сэтгэлтэй байсан гэж ярьж байв. “Барсан хэвнэгт баатар” гэдэг туульсаа хатан хаанд зориулан зохиосон нь харин эх сурвалжаар батлагджээ. Туульд гоо үзэсгэлэнт залуу бүсгүй Нестенийг хүчээр дургүй хүнтэй гэрлүүлэхээр тулгана. Эсэргүүцсэн бүсгүйг зэлүүд цайзад ганцааранг нь хорино. Үүнийг мэдсэн гурван хөлөг баатар хар санаатнуудтай тулалдаж олон саадыг даван бүсгүйг чөлөөлдөг. Хайр сэтгэл, үнэнч нөхөрлөлийн тухай магтуу ийм. Гүрж нөхөр маань надад хэдэн бадгийг үндэсний хэлээрээ аялгуулан уншиж өгсөн. Түүний сэтгэл нь хөөрөн онгод нь орж их л баяр хөөр болсон. Тун гоё сонсголонтой санагдсан. Бүтнээр нь уншивал жинхэнэ тууль хайлахын дайтай л болох шинжтэй. Гүрж хүмүүст манай Гэсэр, Жангар шиг бахархал нь ажээ. Монгол хэлэнд энэ туульсыг яруу найрагч Доржийн Гомбожав 1960 онд орчуулжээ. Гүрж туульсийн өрнөл уянгаас гадна Монгол хэлний яруу тансагийг эндээс мэдрэх боломжтой. Хуучны үнэт шижир орчуулгын нэг гэгддэг. Анд нар минь заавал олж уншаарай.

 

 

 

Ө.Рагчаасүрэн

Тбилис- Дархан хот. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?