Монгол улсын ерөнхийлөгч Дорнод аймагт Сүхбаатарын одон гардуулахын зэрэгцээ ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 8 жилийн хугацаан дахь үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийн талаар ард иргэдээ тайлагнах уулзалтыг хийж байна. Энэ удаа зүүн бүсийн төв Дорнод аймаг зүүн болон говийн бүсийн уулзалтыг хамтатган зохион байгуулсан юм.
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр танилцуулсан юм. 2009-2017 оны хугацаанд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 61 хуулийн төсөл санаачилснаас 35 нь батлагдаж хэрэгжиж эхэлсэн бол 6 нь хэлэлцэх шатандаа, харин 15-ыг нь Улсын Их Хурлаас буцаасан, 5 ыг нь эргүүлэн татаад байгаа юм.
Энэ хугацаанд Монгол улсын ерөнхийлөгчөөс засгийн газарт чиглэл өгсөн болон бүх нийтийг уриалсан 45 зарлиг гаргажээ. Батлагдсан хуулиас дурдвал, хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, шилэн дансны тухай хууль, захиргааны ерөнхий хууль, ирээдүйн өв сангийн тухай хууль, шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга гэх зэргээр нэрлэж болох бөгөөд орон нутгийн хөгжил дэвшилд хамгийн наалдацтай бодлого шийдвэр бол төсвийн тухай хуульд орон нутгийн хөгжлийн сан байгуулах заалт оруулсан гэдгийг тодотголоо.
Орон нутгийн хөгжлийн сан байгуулснаар орон нутаг төсвийн эрх мэдэлтэй болж бие даан хөгжих боломж нэмэгдсэн гэж байгаа юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2013-2016 оны хугацаанд 21 аймагт 600 тэрбум төгрөг хуваарилагджээ. Зөвхөн Дорнод аймагт л гэхэд нэг жилд 13 тэрбум төгрөг хуваарилагдсан байх жишээтэй. Нэг суманд 200-300 сая төгрөг олгогдож бүтээн байгуулалтын ажил хот хөдөөгүй хийгдсэн нь том ололт гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд орон нутгийн хөгжлийн сангийн талаар хэд хэдэн нэмэлт зүйл тусгаж өгсөн байна. Тодруулбал, орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх, Улаанбаатар хотоос алслагдах тусам хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдүүлэх, мөн хүн амын тоог нь харьцуулан тооцдог байх гэсэн заалтууд тусгаж өгсөн боловч хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй байгааг хэллээ. Ямартай ч орон нутгийн хөгжлийн сан болон бусад орон нутгийн хөгжлийг дэмжсэн хууль тогтоомжийг бодлого боловсруулагчид дэмжих шаардлагатай гэдгийг энэ үеэр онцоллоо.
А.ИЧИНХОРЛОО