БААТРУУДЫН ТАЛБАЙ

2017-04-26  

Гүржийн тэмдэглэл 4

                                

Тбилис хотын эх орны баатруудын талбай дээр очлоо. Бидний буусан “Holiday Innбуудлаас тун ойрхон. “Гүрж улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө амиа өргөсөн баатруудын дурсгалыг хүндэтгэв” гэсэн бичээстэй мөнхийн гал асаажээ. Улаан өнгийн дүрэмт хувцастай хүндэт харуул цаг хагас тутамд ээлжлэн манана. Гүрж нь Зөвлөлтийн бүрэлдүүнээс хамгийн түрүүнд 1991 онд гарч тусгаар улс болж тогтносон.

Харин газар нутгийн бүрэн бүтэн байдал гэдгийг нь залуу найзууддаа зориулан тайлбарлая. Гүржийн бүрэлдүүнд Абхаз, Өвөр Осет гэсэн үндэстний мужууд олон жил байсаар иржээ. Гэтэл энэ хоёр нь сүүлийн арван жилийн өмнөөс Гүржээс тусгаар улс болно гэж салаад байгаа. НҮБ тэднийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөөгүй. Харин Орос хүлээн зөвшөөрсөн. Үүнээс үүдэлтэй дайны хэмжээнд том тулалдаан 2008 оны 8 сарын 8-нд Орос, Гүржийн хооронд эхэлсэн. Таван өдрийн ширүүн дайнд хоёр талаас олон зуун дайчид амь үрэгджээ. Дайны төгсгөлд Гүрж улс Оросоос дипломат харилцаагаа тасалсан. Гүрж хүмүүс энэ дайныг газар нутгаа хамгаалсан шударга дайн, Оросыг бидэн рүү түрэмгийлсэн гэж ярихыг нь сонслоо. Гүржийн хувьд тун эмзэг сэдэв юм байна. Гүрж нь, салан тусгаарлаад байгаа тэр улсуудыг дэмжсэн хүмүүст дургүй. Тийм хүмүүсийг хилээрээ оруулдаггүй. Хэрвээ Абхаз, Өвөр Осетоор дамжин Гүрж улсуу ирвэл шууд л шийтгүүлж шоронд ч орж мэднэ. Хаа сайгүй явдаг манайхан мэдмээр юм байна лээ. Энэ хөшөөт цогцолборыг М.Саакашвили ерөнхийлөгчийн үед 2010 онд нээжээ. Испани улсын уран барилгач А.Д.Кабо уралсан байна. Зургаан жилийн өмнө Орос улсын Гадаад хэргийн сайд С.Лавров Гүрж улсад ажлын айлчлалаар ирээд энэ талбай дээр ирж цэцэг өргөхөөс татгалзсан нь их дуулиан болсон удаатай. Усыг нь уувал ёсыг нь дагадаг зангаар би энд ирж Гүрж дайчидын дурсгалыг хүндэтгэв. Гүрж хүмүүс ерэн оноос өмнө Монголд их ирж байсан, манай бүтээн байгуулалтанд тусалж оролцож явсан сайхан сэтгэлтэй ард түмэн гэдгийг манай Дарханыхан сайн мэднээ.

 

 

Ө.Рагчаасүрэн

Тбилис- Дархан хот. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?