Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн өнгө үзэмжийг сайжруулах сарын аян зохион байгуулж байна. Тус аяны зорилго нь нийслэлийн Тээврийн газрын ажилтан, албан хаагчид, автотээврийн хяналтын улсын байцаагч нар “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 улсын стандартын мөрдөлтөнд хяналт тавьж, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, цэвэрлэгээг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, аж ахуйн нэгж байгууллагуудын дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхэд оршино. Аяныг ирэх сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэх бөгөөд нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа нийтийн зорчигч тээврийн үндсэн, хот орчмын чиглэлд үйлчилж буй бүх угсраа болон их, дунд багтаамжийн автобус, троллейбус хамрагдах юм.
Хяналт, шалгалтыг 3 үе шаттай явуулна.
Шалгалтын явцын дүн мэдээг энэ сарын 28-ны өдөр урьдчилсан байдлаар, ирэх тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдах аж ахуйн нэгж, байгууллагын шуурхай зөвлөгөөний хурал дээр тус тус танилцуулна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.