“Улаанбаатар марафон-2017” олон улсын бүх нийтийн гүйлт 5-р сарын 20-нд болно. Бүх нийтийн гүйлтийг БСШУСЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, МОХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.
“Улаанбаатар марафон-2017” олон улсын бүх нийтийн гүйлтийн гол зорилго нь Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчилах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгон төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.
Тус гүйлтэд гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэд, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, нийслэл, дүүргийн төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, иргэд гээд нийт 25-30 мянган хамруулан оролцуулахаар төлөвлөөд байгаа аж.
“Улаанбаатар марафон-2017”-г марафон гүйлтээр хичээллэгч болон сонирхогчдын дунд гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах юм. 18-аас дээш настай марафон гүйлтээр хичээллэгчдийн дунд дунд болон бүтэн марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна. Мөн сонирхогчдын гүйлтийг дөрвөн насны ангиллаар гурван зайд зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд 5000 метрт 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш настай гэж заажээ.
А.ЦЭРЭНДУЛАМ