ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ТЭМЦЭЛД ЭВЛЭЛДЭН НЭГДЭЕ!

2017-05-03  

Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан тэмдэглэлт ганцхан өдөртэй. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөөгөө хамгаалан тэмцэх үйлсэд сэтгүүлчид энэ л өдөр дэлхий нийтээрээ эвлэлдэн нэгддэг. Жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр бол сэтгүүлчдийн эрхээ хамгаалах, түүний төлөө тэмцэлд нэгдэх ийм л өдөр. Эрхээ хамгаална гэдэг бол эрх чөлөөтэй, дураараа бичнэ гэсэн үг биш гэдгийг ямагт ухамсарладаг. Хэн нэгнийг гүтгэх доромжлох, нэр төрд нь халдах гэдэг бол сэтгүүлч бидний хийх ажил биш. Монголын сэтгүүлчид олон улсын жишигт нийцсэн ёс зүйн кодыг баримталдаг болсон гэдгийг дурдах нь зөв болов уу.

Сэтгүүлчдээс өө хайж ,түүгээр далимдуулж хэвлэлийн эрх чөлөөг боомилох санаа санаархал Монголд ч тасрахгүй үргэлжилсээр байна. Сэтгүүлчдийн Эрхийг Хамгаалах Олон Улсын Байгууллага жил бүрийн тавдугаар сарын 3-нд өмнөх жилийнхээ тайлан судалгааг танилцуулдаг уламжлал тогтсон. Судалгаагаар 2016 онд 74 сэтгүүлч ажлаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан нь бүртгэгджээ. Амь насанд нь халдсан оролдлогыг үүнд оруулаагүй байна. Голдуу эрх баригчдын бузар булай үйлдлийг илчлэн бичсэн, эрэн сурвалжилсан сэтгүүлчид эрх мэдэлтнүүд, улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гарт амиа алдсан гэж тайланд илтгэжээ. Энэ 74 сэтгүүлч хаана амиа алдсаныг сурвалжилж үзэхэд, дайн самуун дэгдсэн, улс төр нь үймсэн, эдийн засаг нь унасан, эрх мэдэлтнүүд нь улс орныхоо баялагийг цөлмөсөн, энгийн ард иргэд нь ядуурсан Сири, Йемэн, Турк, Сомалиа, Украйн зэрэг улс оронд тохиосон байх юм .

Тэгвэл дээр нэр дурдсан улс оронтой Монгол улсаа харьцуулбал хэвлэлийн эрх чөлөөний хувьд тэднээс дээрдэхгүй нөхцөл байдал үүссэнийг Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хамгийн сүүлийн судалгаа нотолж байна. Монголд сэтгүүлчдийг буудаж алсан тохиолдол бүртгэгдээгүй ч, хууль, шүүхээр сүрдүүлэх замаар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилох, торгуулиар далайлган өмнөө сөхрүүлэх хандлага газар авсныг тус хүрээлэнгээс гаргасан илтгэлдээ онцлон тэмдэглэлээ. Үүнийг иргэдийнхээ үнэн бодит мэдээлэл авах эрхийг хязгаарлаж буй ноцтой гэмт хэрэг гэж үзэж болно. Энэ бүхэн бол Монголын хэвлэлийн эрх чөлөө өдрөөс өдөрт хумигдаж буй аюулын дохио юм. Тэгэхээр сэтгүүлч бид хошуучлан хэвлэлийн эрх чөлөөний тэмцэлд оройлон оролцох ёстой. Энэхүү мэдээлэл түгээх эрх чөлөө, иргэдийн үнэн бодитой мэдээлэл авах эрх чөлөөгөө хамгаалах тэмцэлд нийт сэтгүүлчид болон ард иргэдээ дэмжиж оролцохыг уриалж байна.

Сэтгүүлч таны үзэг хурц, эр зориг мохошгүй байхын ерөөлийг дэвшүүлье.

 

 

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч Болодын Мөнхдөл

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?