ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ, ЭХЭД ТЭТГЭМЖ ОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2017-05-03  

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хийсэн.

Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг, Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар дөрөв хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа олгох тэтгэмжид жилд 1065 хүн хамрагдаж 2,0 тэрбум төгрөг, эхэд жирэмсэний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд олгох тэтгэмжид 90.0 орчим мянган хүн хамрагдаж 38.7 тэрбум төгрөг одоо зарцуулж байна гээд эдгээр заалтууд Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа. Энэ хуульд шилжүүлэхдээ жирэмсэний 5 сартайгаас 12 сарын хугацаанд олгож байгааг төрөх хүртэл буюу 4 сарын хугацаанд олгохоор тооцоход 24.4 тэрбум төгрөг хэмнэгдэж байгаа гэсэн тооцоог танилцуулсан.

Тэрбээр, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсаны тэтгэмжид 135.0 мянган эх хамрагдаж, сар бүр 50000 төгрөг олгохоор тооцоход жилд 81.0 тэрбум, 3 ба түүнээс дээш тооны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжид 16.5 мянган хүн хамрагдах ба улиралд 1 удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх 240.0 мянган төгрөг олгоход 15.8 тэрбум төгрөг зарцуулах ба дээр дурдсан хэмнэгдэх 24.4 тэрбум төгрөгийг хасахад энэ хуулийн хүрээнд шинээр 72.4 тэрбум төгрөг нэмж шаардагдаж байна гэлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн халамжийг хязгаарлах бодлого баримтлах шаардлага бий болсон. Гэтэл хуулийн төслийг батлан хэрэгжүүлбэл 72.4 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардагдах нь. Үүнийг хэрэгжүүлэх боломж бий юу гэж УИХ-ын гишүүн С.Чинзориг лавлаж байлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын тайлбарласнаар, хуулийг хэрэгжүүлэх төсвийн хөрөнгө оруулалтын талаар төсвийн тодотголын үед яригдсан бөгөөд ирэх оны төсвийн төсөөллийн тухай хуульд тусгагдсан байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үед Сангийн яамнаас хуулийг хэрэгжүүлэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдэгдсэн аж. ОУВС-гаас халамжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ зорилтот бүлэг рүү чиглүүлэх гэсэн зөвлөмж өгч байсан бөгөөд энэ хуулийг хэрэгжүүлэхдээ ч мөн зорилтот бүлгээ олж хуульд хамруулахаар зорьж байгаа ажээ.

Гишүүд ийнхүү хэлэлцээд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо  хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?