Ингэж хэлж болохоор үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Н.Энхбаярыг нам нь дэвшүүлсэн ч, түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болгох даалгаврыг Сонгуулийн Ерөнхий Хороо хийх болно гэдгийг Control.mn өмнөх нийтлэлүүддээ дурдаж байсан. Тиймээс Н.Энхбаярыг хасах үед МАХН нөөц хүнээ ч бэлдсэн байх нь зөв гэдэг байр суурийг илэрхийлсэн нийтлэлээ хэвлүүлсэн. Энэ бол санамсаргүй нийтлэл биш. Мэдээж Н.Энхбаярыг дэвшихийг хориглох хуулийн ямар ч заалт, үндэслэл байхгүй тухай ч хуульчдын задлан шинжилгээг үндэслэж бичсэнээ мөн сануулах нь зөв байх. Ерөнхийдөө иймэрхүү гаргалгаагаар Н.Энхбаярыг Монголын улс төрийн хамгийн том тоглолтын дэвжээнээс зайлуулах болно гэдгийг ч нийгмээрээ хүлээж байсан гэж хэлж чадахгүй ч, тийм хүлээлтийг бий болгосон байсан гэж итгэлтэй хэлж чадна. Энэ сценарийн дагуу бүх зүйл өрнөж, өндөрлөлөө. Ингэж төгсөнө ч гэж Н.Энхбаяр өөрөө мэдэхийн цаагуур мэдэж байсан байж таарна. Одоо бол тэмцээд жагсаад нэг их амжилт олохгүй. Мэдээж Н.Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн бол М.Энхболд, Х.Баттулга нарыг "зовоох нь" ойлгомжтой байсан.
Харин одоо Н.Энхбаярт өөрийнхээ орныхоо кандидатыг гаргаж ирэх цаг иржээ. Мэдээж тэр хүн Н.Энхбаяртай адил хэмжээний өрсөлдөгч болж чадахгүй. Харин Н.Энхбаярыг өрсөлдөөний талбараас хасах нь хэнд ашигтай байв аа? гэдгийг тунгаахад илүүдэхгүй. Н.Энхбаяраас болгоомжилсон нэр дэвшигч бол яах аргагүй М.Энхболд. Түүнээс ч илүү болгоомжилсон нэгэн улс төрч бий. Тэр хүн бол Ц.Элбэгдорж гэж улс төрийн хүрээнийхэн шинжилж байна. Содномцэрэн даргатай СЕХ эрх мэдэлтнүүдийн нөлөөнд автсан байхыг МАХН-ын удирдах бүрэлдэхүүн үгүйсгэсэнгүй. Тиймээс тэд СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэн жагсана гэдгээ илэрхийлэв. Үйл явдлын өрнөлөөс дүгнэлт хийхэд, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг таахад төвөггүй боллоо.
Аналист Ц.ЭНХБАТ