Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 40 орчим мянган залуучууд их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг төгсөж бакалаврын болон мэргэжлийн диплом өвөртөлж байна. Цэцэг, чихрийн цуглуулга тэвэрсэн оюутан залуус төгсөлтийн баяраа тэмдэглэж, амьдралд хөл тавихаар догдолно. Диплом өвөртөлж ромбо зүүсэн дөчин мянган залуусын нэг Тулгаа МУИС-ийн ШАМ-ийн ангийг геологич мэргэжлээр төгсөж байгаа. Өнөөдөр баяраа тэмдэглэсэн Тулгаа маргааш харин хаачхаа мэдэхгүй. Ажлын байраа олоогүй шинэхэн геологич дипломоо бариад ажил хайж эхэлнэ.Сүүлийн жилүүдийн статистикаас харахад Тулгаад ажил олдох магадлал туйлын хомс. Эхлээд тэрээр мэргэжлийн ажлаа хайж байгаад сүүлдээ цалинтай л бол гээд ямар ч хамаагүй ажил хайж, дулааны улиралд барилгын туслах хийх ганц сонголттой үлдэнэ.
Жилийн жилд, хаврын хаварт залуусын шүдний өвчин болдог энэ асуудалд холбогдох байгууллага, албаныхан анхаарлаа хандуулж эхэлжээ. Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар санаачлан ХНХЯ, ХХҮЕГ болон бусад ТТБ, үндэсний 50 гаруй аж ахуй нэгж хамтран "Хөгжлийн хөтөч" ажилд зуучлах өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газрын Залуучуудын хэлтсийн дарга Батдорж хэлэхдээ : "Өнөөдөр манай улсын нийт хүн амын 35,5 хувийг залуучууд эзэлж байна. Залуучуудад тулгамдаж байгаа гурван том асуудлын нэг нь Хөдөлмөр эрхлэлтийн асуудал байдаг. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 37200 оюутан их дээд сургууль, коллеж, МСҮТ төгссөн боловч үүний 21,7 хувь нь л ажилтай болсон судалгаа байна. Үүний шалтгаан нь залуучуудын мэргэжлийн ур чадвар, мэргэжил сонголт, ажлын байрны хомсдол, мөн нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалж байна. Залуучууддаа тулгардаг эдгээр асуудлыг шийдэх зорилгоор энэ өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр 150 гаруй залуучууд ажилтай болох боломжтой" гэж хэллээ.
Энэ өдөр Тулгаагийн адил олон олон залуус ажлын байртай болсон. Өдөрлөг зорилтот бүлэгтээ хүрч амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Ц.ХИШГЭЭ