Энэ бичлэгийг үзэхэд Дамба-Очир гишүүний хэл ам нь орооцолдож, ээдэрсэн нь анзаарагдана. Энэ тухай сошиалаар давалгаалсны дараа Дамба-Очир, - Бие тааруу, эм тан ууж, тариа хийлгэснээс болж хэл ам ээдэрсэн гэх тайлбарыг хийлээ. Түүний тайлбарт итгэх нэгэн бий ч, итгэхгүй нэг хэсэг байна. Тиймээс өөрөө тайлбар хийх нь хангалтгүй. Согтуу биш, эм тарианы үйлчилгээнээс болж хэл ам ээдэрсэн гэдэг тодорхойлолтыг эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн эмчээс гаргуулах нь зөв гэсэн санааг зарим иргэд сошиалаар дэвшүүллээ. Тэгэхээр Дамба-Очир гишүүн та эмчээс тодорхойлолт авах шаардлагатай болжээ. Өмнө нь Оюунхорол гишүүний гитар барьсан согтуу халамцуу маягийн фото зураг мөн л сошиалаар тарж, Оюунхорол их ажлын дараа ядарсан л байсан болохоос архи уугаагүй гэдэг тайлбар хийгээд орхиж байсан. Тэгвэл гишүүдийн тайлбар хийх үнэн, худал үгэнд итгэх биш, харин хөдлөнгийн байгууллагын тодорхойлолт гаргуулахыг иргэд шаардах болов. Иргэдийн гишүүдэд итгэх итгэл, тэднээр дамжаад төрд итгэх итгэл өдөр хоногоор ийнхүү буурч байна.
А.ЦЭРЭНДУЛАМ