Байнгын хорооны хуралдаанаар дээрх хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.
Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Баделхан, Д.Лүндээжанцан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” хэмээн өөрчлөн найруулахаар дээрх хуулийн төсөлд тусгажээ.
Харин тогтоолын төсөлд Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан шүүх, прокурор болон холбогдох бусад байгууллагын албан хаагч, ажилтан, иргэн, хуулийн этгээдэд хуулиудыг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах арга хэмжээг зохион байгуулах, Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах үүднээс холбогдох хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
Мөн дээрх хуулиудыг баталсантай холбогдуулан Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг даалгажээ.
Дээрх хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын гишүүдийн дэмжлэгийг авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.