М.СЭРГЭЛЭН : МОНГОЛ-ЯПОНЫ САНСРЫН ХАМТАРСАН СУДАЛГАА, ТУРШИЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХИЙНЭ

2017-05-25  

 “Техник Технологийн Дээд сургууль”  болон тус сургуулийн харьяа “Монгол Коосэн”  сургуулийн Японы эрдэмтэдтэй хамтран хийж буй сонирхолтой туршилтыг уншигч та бүхэндээ толилуулахаар ТТДС-ийн ерөнхийлөгч М.Сэргэлэнтэй  ярилцлаа.

- Чибагийн Теxнологийн Дээд сургуультай хамтран хийж байгаа судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг манай уншигчдад өгөөч ?

Амьдрал хаана үүссэн бэ? Дэлхий дээр үүсэв үү, эсвэл сансар огторгуйгаас хийсэн ирэв үү? Дэлхийн олон эрдэмтэн судлаачид энэ талаар судлаж байгаагийн дотор Японы эрдэмтэн, Чибагийн Технологийн Дээд сургуулийн ТУЗ-ийн дэд дарга Мацүи Такафүми профессор мөнхүү судлаж байгаа юм.

Мацүи профессор Чибагийн Теxнологийн Дээд сургууль дээрээ Гараг ертөнцийг судлах судалгааны төв байгуулан (PERC), тэрхүү төвөөрөө дамжуулан манай Теxник Теxнологийн Дээд сургуультай хамтран агаарын бөмбөлөг хөөргөж, агаар мандал даxь тоосонцорыг тусгай мэдрэгч багажаар хэмжих туршилт, судалгааны ажлыг 2016 онд эхлүүлсэн билээ. Дэлхийн агаар мандлаас 40 км-ийн өндөрт агаарын бөмбөлөг ашиглан тоосонцор цуглуулах төхөөрөмжийг гаргах, цуглуулсан тоосонцор дотор магадгүй ямар нэгэн амьд биет, бактери, микроб байх аваас үүний гарал үүслийг судлах зорилготой юм. Хэрэв зээ тэрхүү амьд биет нь дэлхийн гаралтай биш байна гэдэг нь нотлогдож чадвал Коперникийн нээлттэй эн тэнцэхүйц нээлт болох билээ.

- Хамтарсан судалгааг яагаад Монголд хийх болсон бэ?

Энэхүү туршилтыг Монголд хийж байгаа нь манай орны өргөн уудам газар нутагтай холбоотой гэж хэлж болно. Учир нь Японд агаарын бөмбөлөг хөөргөсөн төхөөрөмжөө буулгахдаа заавал далайн мандалд буулгах хуультай байдаг байна. Агаарын бөмбөлөг хөөргөсөн цэгээсээ 60-70 км-ийн радиуст бууж ирдэг тул манай орон шиг өргөн уудам газар энэ талын туршилтыг явуулахад таатай гэж хэлж болно. Орон орны эрдэмтэн мэргэд өөрийн онцлог, өвөрмөц талаа уялдуулж чадваас шинжлэх ухааны нээлт ололт хийхэд дөхөм байх боломжтой юм байна гэж бодогдож байна.

- Эхний туршилт хэзээ, хаана хийгдсэн бэ?

Агаарын бөмбөлөг хөөргөх эхний туршилтыг 2016 оны 6 сард Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ойролцоо газар хийсэн бөгөөд төхөөрөмжийг 40 км өндөрт гаргаж чадсан байна. Агаарын бөмбөлөг стратосферын давхаргад гарахад агаарын даралт бага байх тул томорч тэлнэ. Газар дээрээс хөөргөх үед агаарын бөмбөлгийн диаметр 2 м гаруй байх боловч 30-40 км-ийн өндөрт гарах үед дотроосоо гелий шахсан бөмбөлөг гаднаа агаарын даралт багасах тул тэлж томрон, хана нь нимгэрсээр 20 м гаруй диаметртай болоод хагардаг байна. Бөмбөлөг хагармагц шүхэр дэлгэгдэж, төхөөрөмж аажмаар буух бөгөөд замдаа сансрын тоосонцор цуглуулан ирнэ. Эхний туршилтын үеэр хөгтэй зүйл хэд хэд гарсан юм. Агаарын бөмбөлөгтэй төхөөрөмж маань 40 км-ийн өндөрт амжилттай гарч чадсан боловч төхөөрөмж газардсаны дараа хайх машин шаварт суугаад цаг нэлээн алдав. Нэлээдгүй мунгинасны эцэст газардсан цэг дээр яваад очтол ойролцоо айлын 10 настай хүүхэд төхөөрөмжийг олоод хамаг зүйлийг нь задалчихсан, битүүмжийг нь алдагдуулсан байсан. Зургийн аппаратыг нь авчихсан өгөхгүй гээд, нэлээд дипломат хэлцэл хийсний үр дүнд буцааж авч байсан. Шүхэр нь тод ягаан өнгөтэй тул алсаас их тод харагддаг. Нөгөө хүүхэд дээрээс бууж ирэх үеэс нь л хараад байсан, хүн амьтан ирэхгүй болохоор нь тэсгэлгүй очоод задлаж үзсэн байгаа юм. Монгол хүүхэд бол их сониуч, элдэв техник задлах авьяастай гэж харагдаад байгаа юм.

- Хоёр дахь удаагийн судалгааны үр дүнгийн талаар ?

Үүний дараа 2016 оны 9-р сарын 19-20-ны өдөр хоёр удаа Тэрэлжийн “Цэвэгмаа” амралтын газраас 23, 33 км өндөрт агаарын бөмбөлөг тус тус хөөргөж урьдчилан тооцоолсон цэг орчимд амжилттай буулгасан билээ. Хоёр дахь өдрийн туршилтыг Японы телевизийн захиалгаар хөөргөсөн юм. Агаарын бөмбөлөгт шар айраг, загас, өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүн дайж явуулаад буугаад ирэхэд амт нь хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг сонирхолтой туршилт хийсэн билээ. Энэ тухай Японы телевизээр 2016 оны 11 сард “Токоро санно мэгатэн” гэдэг нэвтрүүлгээр гарсан билээ.  

Туршилтыг Японы Чибагийн Технологийн Дээд сургуулийн Гараг ертөнцийг судлах судалгааны төв (PERC), Мацүи профессорын үүсгэн байгуулсан ИСПА (ISPA) ТББ, Вакаяма их сургууль, Яманаши Их сургууль, Монголын Техник Технологийн Дээд сургууль, Монгол Коосэн Технологийн коллеж, ШУТИС, ШУТИС-ийн Коосэн загварын Технологийн Дээд сургуулийн багш, оюутнууд хамтран явуулсан билээ.

Сансрын тоосонцор цуглуулах төхөөрөмжөөс гадна маш олон төрлийн зургийн камер, агаарын дулаан, даралт хэмжих сенсор, GPS болон холбооны төхөөрөмжийн найдвартай ажиллагааг шалгах туршилт мөн давхар явагддаг байна. Зорчигч тээврийн онгоц 10-11 км-ийн өндөрт нисдэг, түүнээс 4 дахин өндөрт гаргахад төхөөрөмж эвдрэх, буруу ажиллах зэргээр бага сага алдаа бас гардаг байна. Алдаан дээрээ дүгнэлт хийгээд дараагийн удаа яах вэ, ямар арга хэмжээ авах вэ зэргээр бодож тунгаах нь танхимын хичээлээс илүү оюутанд илүү өгөөжтэй, бодит мэдлэгтэй болох ач тустай юм.

Мөн манай оюутнууд энэхүү туршилтаар дамжуулан мэдлэгийн хүрээгээ тэлээд авах боломжтой юм. 11 км-ийн өндөрт агаарын температур Цельсийн -50 градус байдаг бол 40 км-т Цельсийн +7 градус байдгийг энэ туршилтын үеэр бодитоор хэмжээд ирэх жишээтэй.

- ИСПА (ISPA) байгууллагын  тэтгэлэгийн талаар тодруулж ярьж өгнө үү?

Түүнчлэн Мацүи профессорын үүсгэн байгуулсан ИСПА (ISPA) ТББайгууллагаас жил бүр олгохоор шийдвэрлэсэн “ИСПА тэтгэлэг” хөтөлбөрт ТТДС-ийн харьяа “Монгол Коосэн” сургуулийн 5 оюутан шалгарсан байна. Үүнд : Цахилгааны инженерийн 2-р курсийн оюутан Э.Бат-Эрдэнэ, Барилгын инженерийн 2-р курсийн оюутан Б. Ариунсайхан, Био инженерийн 2-р курсийн оюутан А.Жаргалмаа, Барилгын инженерийн 2-р курсийн оюутан Б.Мөнхчимэг, Механикийн инженерийн 3-р курсийн оюутан Н.Мөнгөн-Очир нар тус тус шалгарсан юм. Шалгарсан 5 оюутанд 100000 иен буюу 2,2 сая төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгох юм байна. Цаашид “ИСПА” энэ тэтгэлгээ жил бүр олгож, ирээдүйд амжилт гарган, Монголынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулаасай хэмээн урам өгч, оюутны сурч мэдэх, судлаж туршихыг нь хөхүүлэн дэмжих зорилготой юм.

- Чибагийн Теxнологийн Дээд сургуультай хамтарсан агаарын бөмбөлөг хөөргөх судалгааны дараагийн туршилтын талаар ярина уу?

Энэ жилийн 6 сард мөн дараагийн туршилтаа хийхээр одооноос бэлтгэж байна. Агаарын бөмбөлөг ашиглан олон төрлийн судалгаа хийх боломжтой байдаг. Сансар огторгуйн судалгааг ч мөн адил агаарын бөмбөлгөөр хийх нь пуужин, хиймэл дагуул хөөргөхөөс үнэ өртөг багатай, оюутан сурагчид ч хийх боломжтой байдгаараа давуу талтай юм. Монгол хүний сэтгэлгээ, ур ухааныг дэвшилтэт технологитой уялдуулан, техникийн дэвшил, технологийн өндөр хөгжилтэй орны туршлагаас суралцах чадвартай монгол сэтгэлгээтэй, бүтээгч инженер бэлтгэх нь бидний эн тэргүүний зорилт билээ.

- ИСПА (ISPA) ТББайгууллагаас жил бүр олгохоор шийдвэрлэсэн “ИСПА тэтгэлэг” хөтөлбөрт  шалгарсан байна. Ямар болзлоор энэ шагналын эзэн болсон бэ?

Био инженерийн 2-ркурсийн оюутан А.Жаргалмаа : Энэ хичээлийн жилд Сансар судлалын ISPA байгууллагаас тэтгэлэг хүртсэн энэхүү тэтгэлгийн эхний шалгуур хүүхдүүдийн сурлага мэдлэг, амжилт, идэвх зэргийг харгалзан үзэж 12 хүүхдийг сонгон дараагийн шатны ярилцлагад оруулсан юм. Ярилцлагаас 5 хүүхдийг шалгаруулж тэтгэлэг гардуулсны нэг нь би байсан юм. Миний хувьд Монгол Коосэн сургуульд орж ирсэн цагаас хичээл сурлагадаа шамдах болж бүтээх ухааны олон талын чадварт суралцаж түүгээрээ ч бишгүй амжилт гаргасаныхаа дунд энэхүү тэтгэлэгт хамрагдсан гэж бодож байна. Мөн тодорхойлсон зорилго, цаашдын зорилт мөрөөдлөө биелүүлэхэд хамгийн том урам итгэлийг энэ тэтгэлэг надад өгсөн.

Агаарын бөмбөлөгийн  шүхэрт  гарын үсэг зурж дурсгал болгон үлдээв

Гелигээр дүүргэсэн бөмбөлөг хөөргөх гэж байгаа нь 2016.9.сар

ISPA (http://www.ispajapan.com/ ) сансар судлалын хүрээлэнгийн тэтгэлэгт хөтөлбөрт манай сургуулийн таван оюутан хамрагдаж 100.000 иенийн тэтгэлэг хүртлээ. Энэхүү тэтгэлгийг цаашид жил бүр уламжлал болгон олгох юм. 

Зүүн гар талаас :  ИСПА (ISPA) ТББайгууллагаас тэтгэлэг авсан оюутан

Н.Мөнгөночир, Б.Ариунсайхан, Б.Мөнхчимэг,А.Жаргалмаа , Э. Батэрдэнэ

 

 

Ц.УНДАРМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зулаа:Хүүхдүүдийг нээл илрүүлэхэд сургалт хамгийн чухал.Сайхан мэдээ байна. Манай сурагчид авьяаслаг сурлагын амжилт хүсье. 2017-05-25
Irgen:Tanai surguulitai yaj holbogdoh ve.Dugaar uldeegeech,,, 2017-05-25
Texengy:www.mongolkosen.mn 2017-05-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?