МОНГОЛ УЛСАД САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХAД ЧИГЛЭСЭН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛҮҮД ХИЙГДЭНЭ

2017-05-26  


 

Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл 2017 оны 5-р сарын 24-ний өдөр хуралдаж, Монгол Улсад зориулж 3 жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэр гаргалаа. Хөтөлбөр батлагдсанаар эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкинд орж ирээд байна.

Монгол Улсад эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт 5.5 тэрбум ам.долларын хэмжээтэй санхүүжилтэд ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка зэрэг олон улсын байгууллагуудаас гадна Япон, БНХАУ, БНСУ зэрэг 2 талт хамтын ажиллагааны орнууд оролцох болно.

Эдийн засгийг тогтворжуулах, зах зээл дээрх итгэлийг сэргээх зорилготой уг хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсад үнийн тогтвортой байдал хангагдах, валютын нөөц нэмэгдэж 4 тэрбум ам.доллар орчимд хүрэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих, гадаад өрийн зохистой бүтэц, өрийн тогтвортой байдал хангагдах зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болохоор хүлээгдэж байна.   

Түүнчлэн, Монголбанкны засаглалыг сайжруулах, бие даасан байдлыг бэхжүүлэх, Монгол Улсад санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэлүүд хийгдэх болно. Тухайлбал, Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төв банкны бие даасан, хараат бус байдлыг хуулиар баталгаажуулсан орчныг бүрдүүлэх, Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд банкинд хүндрэл үүссэн үед асуудлыг түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх боломжийг дээшлүүлэх юм.

Банкны секторын тогтвортой байдлыг хангах үүднээс арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг (AQR) хийх бөгөөд ингэснээр банк, санхүүгийн системийн нөхцөл байдлыг нарийвчлан үнэлэх, улмаар санхүүгийн зуучлалыг өргөжүүлэхэд шаардлагатай байгаа арга хэмжээг тодорхойлох боломжтой болох юм. Банкны системийн эрүүл, найдвартай үйл ажиллагаа нь цаашид хувийн секторын дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эерэг нөлөө үзүүлэх болно.

 

 

Эх сурвалж : Монголбанк

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?