Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хятадын Төмөр замын 20 дугаар товчоо групп корпорацийн ерөнхий менежер Чен Хон Вэйг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад, НИТХ-ын төлөөлөгч, Төслийн зохицуулагч Р.Дагва, нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан болон бусад албаныхан, Хятадын Төмөр замын 20 дугаар товчоо групп корпорацийн инженерийн газрын дарга Ли Жанрон, Гадаад бизнесийн удирдлагын төвийн Олон нийттэй харилцах ажлын хэсгийн болон намын нарийн бичгийн дарга Чин Хули зэрэг төлөөлөл байлцав. Тус уулзалтын үеэр хотын дарга Хятадын төмөр замын 20 дугаар товчоо компанийн удирдлагад гүйцэтгэж буй төсөл арга хэмжээний талаар анхаарах асуудлыг хэллээ. Тодруулбал, Замын цагдаагийн гүүрэн гарцын зураг төсөл графикт хугацаанаа хоцорч, барилгын ажил 2 сар орчмоор хойшлогдохоор нөхцөл байдал үүсч байна. Иймд зураг төслийн ажлыг яаралтай дуусгах талаар анхаарч ажиллах, Замын цагдаагийн үндсэн гүүрийн баруун талаар Нарны зам, Төмөр зам дээгүүр явган хүн болон дугуйн зам нэмж хийх, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хугацааны хоцрогдлыг нөхөн, ауудлыг шийдвэрлэх, Монгол Улсын сангийн яам болон захиалагчийн зүгээс шаардах бичиг баримт, тайланг цаг тухайд нь ирүүлж байхыг анхааруулсан юм. Хятадын Төмөр замын 20 дугаар товчоо групп корпорацийн ерөнхий менежер Чен Хон Вэй “Төслийн ажлын явц удаашралтай байгаа. Бид энэ алдаагаа засч, хурдан шуурхай ажиллаж хугацаандаа ажлаа хүлээлгэн өгөх болно” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.