Т.Бат-Эрдэнэ гэдэг энэ залууг аль 1980 оны тэртээгээс мэдэх юм. Теннисээр хичээллэдэг том биетэй, өндөр хүүтэй хаа нэг тэмцээн уралдаанд таарч, хожигдож байснаа л санах юм. Айхтар ширүүн тоглоод байхгүй ч, өрсөлдөгч бүртээ таарсан ухаалаг тоглолт хийж чаддаг нүдээрээ инээсэн залуу байсан. Хор шартай гэж санахгүй байна. Тэгээд нэг хэсэг чимээ сураг алдарсан.
Гэтэл Англид ажиллаж, сурахаар одсон байж билээ. Хүн бүртэй маш боловсон соёлтой харьцдаг. Залуу хүн гэхэд хий багатай гишгэдэлтэй нэгэн байжээ гэж одоо сэтгэлд буух юм. Зүрх бага зэрэг өвдөөд байх юм, тоглохоор цуцаад байх боллоо гээд ширээний ард ракетаа барин зогсохоо больсон ч тенниснээсээ холдоогүй. Гадаад хэл, теннисний мэдлэг сайтай хэсэг хүний дунд олон улсын шүүгч шалгаруулах уралдаан зарлахад, хамгийн түрүүнд Бат-Эрдэнэ тэнцсэн. Тэрбээр олон улсын өдөр зэрэглэлийн олон тэмцээнийг гадаадад шүүсэн Монголын цөөхөн олон улсын хэмжээний шүүгчийн нэг.
Хамгийн сүүлд тэрбээр Mongolia open-2017 тэмцээний шүүгчээр ажилласан түүхтэй. Түүнийг "шар" Бат-Эрдэнэ гэж бусдаас нь ялгадаг байсан. Цахиур, хуульч гээд олон Бат-Эрдэнээс түүнийг ялгасан нь тэр. Тэр теннисээ тоглохоо больсон ч хааяа нэг бильярд тоглох. Үеийн нөхөр С.Галбадрахтай илүү дотно нөхөрлөх, хамтдаа нэг баг болж, бусдыгаа "зовоох". Хожсон ч, хожигдсон ч зөөлхөн инээх. Тун чамбай, ухаалаг тоглогч гэдгээ мөн бильярдын ширээний ард үзүүлж байсан. Түүнийг нас барсан гэдгийг сонсоод эхэндээ үнэмшиж чадсангүй.
Хүч бяр, ухаан нь ид жагссан үедээ теннисээ, найз нөхөд өө, хань ижил, гэр бүл, үр хүүхэд, ах дүүгээ орхилоо доо. Тун харамсалтай. Том биетэй гэдэгтэйгээ дүйх хэмжээний тун нуруутай, найз нөхөддөө түшигтэй нэгэн байсан. Дүү Бат-Эрдэнийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэе.
Теннис сонирхогч Энхбат, Цагаанхүү, Лхагвадорж, Маргад-Эрдэнэ, Эрдэнэ, Батжаргал, Ариунбаатар нар болон бусад нөхөд нь мэхийн ёслов.