Архивын ерөнхий газраас Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой болон удахгүй тохиох Олон улсын архивчдын өдрийг угтан Үндэсний төв архивын сан хөмрөгийн дээжээс бүрдсэн “Данс хараа-өв соёл” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Үндэсний түүхийн музейд өнөөдөр /2017.06.05/ нээлээ.
Үзэсгэлэнд Үндэсний төв архивын Түүхийн баримтын архив, Зураг төслийн баримтын архив, Улс төрийн нам олон нийтийн байгууллагуудын баримтын архив, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивуудын сан хөмрөгт хадгалагдаж буй баримт бичиг, гэрэл зураг, баримтат киноны 150 гаруй баримтыг дэлгэн үзүүлсэн юм.
Эдгээр баримт нь XX зууны эхнээс энэ зууны эхэн хүртэлх үед хамаарах, олон нийтэд тэр бүр дэлгэн харуулаагүй ховор чухал данс хараа, бичгийн өв соёлын дурсгал юм. Тухайлбал : Монгол, Оросын хилийн заагийг тогтоосон буурын гэрээ, Сэцэн хан Шолойн гэрийн үеийн бичмэл, Дөрвөдийн Далай хан Түмэндэлгэржавын Богд хаант Монгол Улсад дагаар орохыг хүсэж айлтгасан өргөх бичиг, Аймаг, хотын болон төрөлжсөн архивуудыг байгуулсан тухай харьяа дээд газрын тогтоол, Архив, албан хэрэг хөтлөлтөнд хэрэглэгдэж байсан тамга, тэмдэг Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид Хаант Орос улсад айлчилсан тухай, Мэгжид Жанрайсаг сүмийн байрын Улсын архивын газарт шилжүүлсэн хоёр талын гэрээ, уг сүмийг засварлах схем, засварлах ажлын гэрээ зэрэг ховор чухал баримтууд багтаж байна. Үзэсгэлэн 6 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд та бүхэн энэ хугацаанд хүрэлцэн ирж ховор чухал данс хараа, бичгийн өв соёлын дурсгалуудтай танилцах боломжтой юм.