“Зүүн баян рефайнери” гэх компани Богд хан уулын Дархан цаазат газрын хязгаарын бүс, Туул голын хамгаалалтын бүсэд нэг га гаруй Туулын бургасыг хядан байж барилгаа бариад эхэлжээ. Гэхдээ тус компанид 2008 онд холбогдох яам зөвшөөрөл өгсөн байх юм.
БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА ЭНЭ ГАЗАР БОЛ ТУУЛ ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮС, БОГД УУЛЫН ДЦГ-ЫН ХЯЗГААРЛАЛТЫН БҮС ЮМ
Хамгийн гол нь энэ газар бол БХУ-ын ДЦГын хязгаарын бүс, Туул голын онцгой хамгаалалтын бүс бөгөөд яг голын голдирол салаа урсдаг хэсэг нь байсан юм. Харин энэ бүхнийг үл харгалзан энд барилга барих тус компани үнэхээр зөвшөөрөлтэй юу? Энэ талаар компанийнхантай уулзаж өөрсдөөс нь тодруулга яриа авахыг хүссэн ч талбай руугаа биднийг нэвтрүүлсэнгүй.
“ЗҮҮН БАЯН РЕФАЙНЕРИ” КОМПАНИ 2008 ОНД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАНА ГЭЖ ГАЗАР АВЧЭЭ
Тус компани 2008 онд аялал жуулчлалын зориулалтаар ашиглана гэж 4 га газрыг энд авчээ. Тухайн үед сайдаар Гансүх ажиллаж байсан бөгөөд 2013 онд БО-ны сайд байсан Э.Оюун тус компанийн үйл ажиллагааг цуцлах бус торгоод өнгөрсөн байна. Харин 2017 он гарсаар мөн л дахин торгуул ногдуулсан ч өнөөдөр зөвшөөрлийг нь цуцлаагүйгээр барахгүй тус компани үйл ажиллагаагаа явуулсаар байна. Гэвч энэ компани судалгаагаар тогтоосноор 1 га гаруй бургасыг хядан байж онцгой хамгаалалтын бүсэд хууль зөрчин барилга барьсаар байгаа нь энэ юм.
Тус компани анх газар авсан зориулалтаа өөрчилсөн эсэх, талбайгаа томруулсан эсэх, 1-га-аас илүү бургасыг хядсан эсэх дээр шалгалт хийгээд тогтоовол үйл ажиллагааг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах ёстой юм байна.
Харин шалгалт хэзээ дуусах нь тодорхойгүй. Үйл ажиллагааг нь түр ч болов зогсоогоогүй учир Туулын бургасыг дарж тэгшилсэн энэ газар дээр хэд хэдэн барилга ярайтал босохоор ажил нь урагшилсаар байна.
Б.ШҮРЭЭ