Норвеги улс 2020 гэхэд үүрэн харилцаа холбооны 5G сүлжээг эх орон даяараа нэвтрүүлэхээр зорьж байна. Тодруулбал, тус улсын үүрэн холбооны оператор "Теленор" компани энэ сүлжээний туршилтыг амжилттай хийжээ. Энэ нь өнөөдрийн бидний ашиглаж байгаа интернет хурднаас 100 дахин хурдан юм байна. Түүнчлэн Норвегиор зогсохгүй, Швед, Дани зэрэг улс 5G сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөж буй юм байна. Энэ сүлжээ нь дараа үеийн өндөр хурдны утасгүй сүлжээг ашигласнаар бүтэн киног нүд ирмэхийн зуур татаж үзэх, эмч нар алсын зайнаас мэс засал хийж, жолоочгүй автомашиныг удирдлагаар хангах гээд маш олон давуу талтай талаар эх сурвалжууд онцолсон юм. Ялангуяа дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч компаниуд жолоочгүй автомашин үйлдвэрлэхээр ажиллаж байгаа энэ үед 5G сүлжээ нь хамгийн их ач холбогдолтой юм байна.
Харин БНСУ ирэх 2018 оны өвлийн олимпийн наадмын үеэр "Самсунг" корпораци 5G сүлжээг түр хугацаагаар нээхээр зорьж байна. Хэрэв тус ажил биелэлээ олвол БНСУ 5G-г нэвтрүүлсэн анхны орон болох юм. Солонгост 5G-гийн хэрэглээ бусад улсуудтай харьцуулахад хамаагүй илүү хэрэгцээ шаардлагатай юм. Тус улс ирэх 2020 хүртэл 5G сүлжээг хөгжүүлэхэд 1.5 тэрбум америк долларыг зарцуулахаар төсөвлөсөн байна. Түүнчлэн Хятадын "Хуавей" компани ч мөн адил Москвагийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байгаа талаар мэдээлжээ.
Ц.ЧУЛУУНЦЭЦЭГ