Т.ЭНХБААТАР : ТЭД ДУУЛЖ БАЙГАА ЗҮЙЛИЙНХЭЭ ХОР УРШГИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА

2018-04-13  

Тэртээх 2000 оны үед "Чоно” гэх содон нэртэй хамтлаг бий болж  Рок попын ертөнцөд тэсрэлт хийж байсан. Амьд домог Хурд хамтлагийн ах дүүс учраас тэдний уран бүтээл чанартай байж олон жил оршиж чадлаа. Тэд залуу нас, Хүсэл гэх дуунуудаараа залуучуудын зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан. Тэгвэл өнөөдөр "Чоно” хамтлаг арван жилийн дараа ахин нэгдэж эргэн тайзнаа гарч ирэхэд бэлэн болжээ. Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр тоглогдох тэдний тоглолтын талаар хэсэг хугацаанд ярилцсаныг уншигч та бүхэнд хүргэе.

-"Чоно” хамтлаг 10 жилийн дараа тоглох гэж байна. Олон залуус сэтгэл догдлон хүлээж байгаа…?

-Бид энэ сарын 20-нд "Crocus Event Hall”-д тоглох гэж байна. 10 жилийн дараа тоглолтоо хийх гэж байгаа учраас жилийн өмнөөс бэлтгэл эхэлсэн. Тоглолтоос өмнө "Чоно 2018” шинэ цомгийг гаргасан. 9 шинэ дуу, "Хар сарнай” хамтлагтай хамтран дуулсан "БҮТЭЭН СӨНӨӨНӨ” дуунаас бүрдсэн энэ цомогт орсон дуунуудаа сонсогчиддоо хүргэж байгаадаа баяртай байна. Амьд хөгжмийн хамтлаг бэлтгэл маш сайн байж тоглолтоо хийх хэрэгтэй болдог. Өнөөдрийн байдлаар тоглолтын бэлтгэл 100 хувь хангагдаад явж байна.

–Хит дуунуудаасаа хэд хэдийг шинэчилж дуулсан нь сонсогчдод их хүрч байна. Тэр тусмаа "Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” дуу анхаарал татсан?

"Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” дууныхаа шинэчилсэн хувилбарыг дуучин Баярцэцэг, Хурд хамтлагийн Цогоо, хөгжмийн зохиолч Чинбат, Хурд хамтлагийн Отгонбаяр нартай хамтарч дуулсан. Мөн "Энэ дурлал юмуу” дууг дуучин Агиймаа, DJ Анна нартай хамтарч дуулсан нь залуучуудад их таалагдсан.

-10 жилийн дараа тоглолтоо хийж байж яагаад заавал Crocus-д хийх болов. Сонсогчид бол нилээд олуулаа цугларахыг хүссэн байх?

– Crocus бол залуус цугларахад таатай гоё газар. Дээрээс нь амьд хөгжмийн хамтлагийн тоглолтыг хүмүүс сууж үзэхээсээ илүүтэй босож доргиж үзэх сонирхолтой байдаг. Тоглолтын орчин их чухал л даа.

-Тоглолтод хэдэн дуу дуулагдах вэ?

-Тоглолтын найруулга хөтөлбөр дээрээ бид өөрсдөө ярилцаад ажиллаад явж байгаа. Нийтдээ 25 дуу дуулагдана. Хит дуунуудаа бусад уран бүтээлчидтэй хамтарч дуулна. "Хурд” хамтлагийн Цогоо, Отгонбаяр, хөгжмийн зохиолч Чинбат, дуучин Агиймаа, Баярцэцэг, Харсарнай хамтлаг, DJ Анна, Icetop хамтлагийн Боогий нар тоглолтод хүрэлцэн ирнэ. Энэ тоглолт маань их баялаг сайхан болно.

-Чоно хамтлагийн залуучууд уран бүтээлээсээ хэсэг хөндийрөх хугацаанд хаана юу хийж байв?

-Миний хувьд энэ хугацаанд гэр бүлээрээ Америкт амьдарч байгаад ирлээ. Батбаяр маань өөрийн бизнесээ хийж байгаа. Дэрмээ минь уран бүтээлээ хаясангүй. Ер нь тэгээд амьдрахын тулд хувь хувьдаа бизнес хийж хэсэг хугацаанд дуу хөгжмөөс хөндий байлаа.

-Тоглолтын дараа "Чоно” хамтлаг уран бүтээлээ хийгээд явах уу?

-"Чоно” хамтлаг цаашид тогтвортой уран бүтээлээ хийгээд явахын төлөө энэ олон жилийн дараа нэгдэж байна. Үүнийхээ жишээ болгож сая дөнгөж шинээр цомог гаргалаа. Хүмүүс ингэж ярьдаг ш дээ. Мөнгөгүй болчихоод тоглолт хийх гээд гараад ирлээ гэж. Бид нар бол мөнгөгүй болоогүй ээ. Бүх уран бүтээл клип цомгийг өөрсдийнхөө мөнгөөр хийж босгож байгаа. Багагүй ч мөнгө гарч байна. Одоо бол үнэхээр гоё уран бүтээл хиймээр байна. Залуучуудад гоё дууг, гоё урлагийн мэдрүүлмээр байна. Яг үнэн дээ сүүлийн үеийн залуучуудын хийж байгаа уран бүтээл гэж нэрлээд зүйл таалагдахгүй байна. Урлаг гэдэг чинь үг ая үйл хөдлөлөөрөө залуучуудыг энэ нийгмээ соён гэгээрүүлэх үүрэгтэй юм. Гэтэл сүүлийн үеийн энэ хип хоп бацаанууд сонсогч хүүхдүүдийг яг хааш нь юунд уриалан дуудаад байгаа юм бэ. Тэд секс, архи, тамхи, хар тамхи, гэмт хэрэг гээд бүхий л зүйлийг шууд дуулж клипээрээ сурталчилж байна.

-Хэдийгээр шоу бизнес боловч зарим нь арай л хэтэрхий байдаг шүү. Манайд угаасаа цензур алга?

-Youtube рүү ороод сүүлийн үеийн залуучуудын дуулж байгааг харахад үнэхээр аймаар. Тэд дуулж байгаа зүйлийнхээ хор уршгийг мэдэхгүй байна. Гол нь сонсож байгаа жаахан хүүхдүүд тэднийг даган дуурайдаг. Үзэж байгаа сонсож байгаагаараа л хүмүүждэг юм.Тэр дуунууд 5 саяын хандалттай байна. Төлөвшөөгүй хүүхдүүдэд энэ бол хор шүү дээ. Урлаг бол соён гэгээрүүлэх, сэтгэлийн таашаал өгдөг зүйл. Гэтэл ийм стресстэй байгаа нийгмийг улам дордуулж байгааг харахад харамсалтай байна. Тиймээс ийм уран бүтээл хийдэггүй юмаа, ингэж мөнгө хөөж болдоггүй юм гэдгийг харуулахын тулд бид нар тоглож байна. Чоно хамтлаг өнөөдөр од болох гээд тоглолт хийгээд байгаа юм биш тухайн цаг үедээ бид нар од болоод үзчихсэн байхгүй юу. Бид нарын үр хүүхдүүд ийм хөгжим сонсож өснө гэдэг бол аюултай. Гэхдээ бид шууд л ийм тийм гэж хүн шүүмжлэхээс илүүтэй өөрсдөө эхлээд хийж харуулаад үлгэрлэх нь зөв гэж бодож байна.

-Танай хамтлагийн үлгэрлэж ирсэн уран бүтээлчид хэн бэ? Рок попын ертөнцөд ер нь "Чоно” хамтлаг аль үедээ орж байна?

-Бид нар залуухан ш дээ. Уран бүтээл хийгээд явахад ахиад 10 жилийн нас бол хангалттай байна. Рок попын ертөнцөд дунд үедээ орж байна. Бидний үлгэрлэж ирсэн Харанга, Хурд, Сарантуяа, Ариунаа, Никитон гээд олон сайхан хамтлаг дуучид байна. Өнөөдөр Никитон "Янаг цэцэг” гээд дуулахад мэдэхгүй хүн үгүй. Ийм хүмүүсийг сонсож өссөн болохоор бид нар өнөөдөр өдий зэрэгтэй явж байна. Аливаа уран бүтээлийг чанартай олон жил сонсогчдын зүрх сэтгэлд байлгахын тулд чин сэтгэлээсээ ажиллах ёстой. Түүнээс биш уран бүтээлийг мөнгө гэж хараад нэг сар хит болох дууны араас хөөцөлдөөд хэрэггүй. Уран бүтээлчид сонсогчдоосоо нэг алхмын өмнө явж сайхан дууг бүтээх ёстой. Гэтэл өнөөдөр хамт алхаад байна. Зүгээр л нэг зугаа цэнгэл дуулсан. Дууны үг гүн утга огт байхгүй болж. За тэгээд хэдэн жил таг байснаа гэнэт гарч ирээд шүүмжлээд байна гэж битгий бодоорой. Зүгээр ийм урлагаар балчир хүүхдүүд минь өсөж хүмүүжих вий гэдгээс санаа зовсондоо хэлж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?