“ХУРУУГИЙН ХОНХОР” -ЫН ХОЁР АЗАРГА

2018-05-24  

Хүүхэний Данзандорж ахынхаа гэгээн дурсгалд  

“-Уухай, манай зээрд дийллээ” хэмээн хөвүүн баясан хашхирав. Үнэхээр ч улаан азарга ухасхийн дайрахдаа нөгөөдөхийнхөө хүзүүг хазаад авлаа. Одоо ч тулаан улааны талд шийдэгдэх нь дээ гэтэл хар азарга хариуд нь ганцхан цоройгоод хойт хоёр хөл дээрээ босоод ирэв. Тэгэнгүүтээ өрсөлдөгчийнхөө дэлэн доорхи далангаас лав гэгч нь үмхэх нь тэр. “-Зүйтэй тавьж болохгүй шүү, хар минь... “ гэсэн эзэн нь болох хөвүүний цангинасан дуу ч хадлаа. Тэгтэл азарга ноцолдуулсан хоёрын хэрэг гэнэтхэн бишдэв. Хөвүүн “-Өвөө ирлээ” хэмээн хашхирав. Найз хөвүүн нь ч сандран орох байх газраа олж ядсан царайтай боллоо. Айсандаа тэр “-Одоо бид хоёр уурганы хуйвны амт ч үзэх байхаа” гэж уйлагнан хэлэв. Өвөө давхиж ирэнгүүт морин дээрээсээ “-Хай, хай, хай! ” хэмээн уянгалуун хэд гуугалсанаа уургаараа хоёр азарганы толгой дээгүүр агаарт хий даялан салхи исгэрүүлэн дүүгүүрдэв. Хажуу хавирганы юуг ч анзаарах сөгөөгүй ноцолдож байсан хоёр азарганы чих дорхиноо сэртсхийн тэмцлээ зогсоов. Эзнээ дуугаар нь танисан хар азарга ижил сүрэг рүүгээ цахилан хүрч нийллээ. Өвөө “-Хүүхдүүд минь, ингэж болдоггүй юм, тарга тэвээрэг бүрэн аваагүй байгаа энэ хоёр амьтан ядарна шүү дээ”  хэмээн аргадан хэлэв. Загнуулахаас айж байсан саахалт айлын хөвүүн дуу орж “-Аль нь ялахыг үзэх гэсэн юм бид хоёр” гэв. Тэр үргэлжлүүлэн “-Манай улаан ч сүрхий дайрсан даа уг нь “ гэв. Өвөөгийн хөвүүн ч мөчөөгөө өгөлгүй “-Таныг ирэхэд манай хар илүүрхэж байсан, тиймээ өвөө” гэлээ. Өвөө инээмсэглэн “-Азарга гэдэг чинь хүлгийн манлай молор эрдэнэ адуу шүү дээ. Хоёр азарга ноцолдоход аль нь ч нэгнээ дийлдэггүй юм. Хоёулаа л ялдаг юм, эр улс байна даа, мэдэж аваарай” гэлээ. 

Галерейн танхимд олон хүн дүүрч зөгийн үүр мэт дүнгэнэнэ. Улаан дээлэн дээр мөнгөн тоногтой суран бүс бүсэлж, ганган бүрх малгай духдуулсан цагаан сахалт өвөө гэнэтхэн чангаар “-Үгүй энэ хоёр чинь, Данзандоржийн хилэн хар, Санжмятавын ухаа зээрд хоёр байна шүү дээ. Ингэж адилхан зурах гэж“ хэмээн дуу алдав. Хамаг хүмүүсийн анхаарал өвөө дээр төвлөрлөө. Баваа баруун гарынхаа алгыг хумин дугуйлж нүдэндээ ойртуулан дуран болгон шагайснаа  “-Аа энэ, Хуруугийн хонхорын хялганатай тал мөн байна. Шивээн толгой ханарчихсан байгааг нь харав уу, хүүхдүүд минь. Хоёр азарга энд ноцолдолгүй яахав. Энэ хонхорт чинь манай Данзандорж төрсөн юм даа” гэлээ. Нутаг усандаа цуутай адуучин Цээнзэн Баваа ийнхүү говийн хоёр азаргаа таньжээ. Үзэсгэлэнд уригдаж ирсэн миний цээж дотор ч огшоод ирэв. Дүү хүүгийн минь өвөөдөө өргөсөн бийрийн татлага орших нь энэ, яамай даа” хэмээн сэтгэл уужрав. Булганаа өвөөдөө уран зургаа, би ахдаа эсээ дурсамжаа зориулсан нь энэ буюу. Залуу зураач Өнөбаатарын Эрдэнэбулган урласан “Хуруугийн  хонхор”-ын  хоёр азарганы хөлөөр боссон тоос танхимд үнэртэнэ. Адууны тэнгэр ивээх болтугай.

 

 

Шороон нохой жилийн зуны эхэн сарын улаан морь өдөр. Бурхантын хөндийн Дархан хотоос.   

Ө.РАГЧААСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
үнэн:Адууны биеийн харьцаан дээр маш алдаатай хийсэн. Энэ 2 азарга ноцолдохоо болиод зогсвол хоёулаа **** хөлний гажигтай нь харагдахаар.. 2018-05-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?