ХАРЗТАЙН АМАНД БӨХИЙН ХОЁР ГАЛ БЭЛТГЭЛД ГАРЧЭЭ

2020-06-17  

 Энэ жилийн үндэсний их баяр болон аймгуудын баяр наадамд хүч үзэх бөхчүүд бэлтгэлдээ гараад байна.

"Алдар" спорт хорооны бөхчүүдийг Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахалж, улсын харцага Ш.Мөнгөнбаатар, улсын начин Д.Цэрэнтогтох тэргүүтэй бөхчүүд Сэлэнгэ аймгийн Тавантолгой хэмээх газар сэргээлтийн бэлтгэлдээ гарчээ. Үндэсний баяр их наадмаар цахиур хагалж Монгол Улсын начин цолны эзэн болсон Б.Орхонбаяр тэргүүтэй Сэлэнгэ аймгийн “Таван-хан” дэвжээний бөхчүүд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд наадмын бэлтгэлээ хангаж байна. 

Монгол Улсын арслан Б.Ганбатаар ахлуулсан “Увс нуур” дэвжээний Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Ганбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол улсын заан Н.Жаргалбаяр тэргүүтэй бөхчүүд Харзтайн амны амралтын баазад бэлтгэлдээ гарчээ.

Баянхонгор аймгийн “Их богд” дэвжээний бөхчүүдийг Монгол Улсын харцага Д.Батболд ахалж, улсын цолоо ахиулах боломжтой улсын харцага Н.Золбоо, туршлагатай улсын начин Ж.Чулуунбат тэргүүтэй 20 гаруй бөх Баянхонгор аймгийн Номгон хайрхан, Түйн голд бэлтгэлд гарсан байна.

Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний бэлтгэлийг Улсын гарди Д.Рагчаа удирдан явуулж, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага М.Бадарч тэргүүтэй бөхчүүд нутагтаа наадмын бэлтгэлдээ гарчээ. ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хорооны хүчтэнүүдийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв ахалж, жилээс жилд түрүү, үзүүрт яригддаг улсын арслан Ц.Содномдорж болон улсын харцага Т.Баасанхүү зэрэг тэргүүтэй бөхчүүд Улаанбаатар хотоос 30 км зайд орших “Төр хурах” амралтын бааз дээр бэлтгэлдээ гарчээ.

Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдийг Монгол Улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Т.Санчир, улсын начин Б.Сангисүрэн тэргүүтэй бөхчүүд ахлан Түргэний гол, Бугын сангийн аж ахуйд бэлтгэлд гарсан байна. Энэ галд улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Цэдэнсодном тэргүүтэй бөхчүүд багтжээ.

Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Харзтайн аманд байрлах "Хас Өргөө" амралтын газарт 4 дэх жилдээ гарч байна. Энэ жилийн бэлтгэлд улсын заан Д.Одгэрэл дасгалжуулагчтай аймгийн хурц арслан К.Ханатаар ахлуулсан улсын начин Б.Баатарцол, Б.Серик, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан Н.Мустафа, М.Еркебулан, Т.Ерболат, аймгийн заан С.Жиенхан, С.Бат-Үүл, аймгийн харцага Б.Төмөрбаатар, Д.Бейбит, А.Айбек, С.Заманбек тэргүүтэй 40 гаруй бөх бэлтгэл сургуулилтаа эхлээд байна.

“Хүч” спорт хороо, Завхан аймгийн “Даян” дэвжээ, Ховд аймгийн “Ховд дэвжээ”-ний бөхчүүд одоогоор цугларалтад гараагүй байна. "COVID-19"-ийн халдварын цар тахлын улмаас зарим аймгийн бөхчүүд заалны бэлтгэлээрээ улсын баяр наадамд зодоглох аж.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?