Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн урлаг соёлын тоглолт Монгол үндэстний цөм болсон өнөөгийн ардчилсан Монгол Улсын түүх соёл, уламжлалт үндэсний баяр наадмын өнгө, төрхийг харуулахыг зорьсон нь наадамчин олны сэтгэлийг татсан гэж болно.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг “COVID-19” цар тахлын үед болж байгаа тул бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс нийслэл Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт дэргэдээ үзэгчгүйгээр хийсэн гэдгээрээ онцлог байсан юм.
Төв Азийн өндөрлөгт налайх уудам тал нутагтаа зуун зуунаар аж төрж, дэлхийн соёл иргэншил, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөвийг хоёр зууны турш тодорхойлсон гайхамшигт түүхтэй ард түмний дэлхийд ганцхан хэмээгддэг “Монгол наадам”-ын эрийн гурван наадам бол үеийн үед монгол түмний бахархал, омогшил, үндэсний соёл, урлаг, спорт байсаар ирсэн гэдгийг энэхүү тоглолтоос тод харагдаж байсан юм.
Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, дахин давтагдашгүй өв соёл дэлхий даяар оршсоор байгаа юм. Хүн төрөлхтөний эртнээс улбаатай Олимпын наадам мэт монгол үндэсний эрийн гурван наадам нь монголчуудын мянганаас мянганд уламжилж ирсэн нүүдэлчин ард түмний соёлын төв нь байж түүх шастир, монгол ёс заншил, үндэсний сэтгэхүй, итгэл үнэмшил, омог зориг, ур чадварт оршдог гэдгийг илтгэн харуулж, шингээсэн байдаг бөгөөд энэ бүхнийг дуу, бүжиг, ахуй соёл, үйл хөдлөлөөр харуулсан урлагийн тоглолт болжээ.
Монгол наадам нь эх дэлхийгээ хайрлах хүмүүн байгалийн төгс зохирол, шүтэн барилдлага болохын хувьд хүн төрөлхтний иргэншил, соёлын оюун санааны үнэт өв хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн болохыг энэ жилийн “Монгол наадам”-ын нээлтийн тоглолтын зохиомж, өнгө, донж илтгэж байлаа.
Энэ удаа Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын урлаг соёлын тоглолтын ерөнхий найруулагчаар “Hero” интэртаймэнтийн захирал Б.Баатар ажиллажээ. Тэрбээр “Энэ наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, олон улсад аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болгож түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэхийг зорьсон” гэдгээ онцолж байв.