Монгол Үндэстэн одоогоор, бидний мэдэж байгаагаар анхны төрт улсаа 2000 – аад жилийн тэртээ байгуулж байжээ. Хүннү, Сяньби, Нирун, Түрэг, Уйгар Кидан, Монголын Эзэнт Гүрэн хүртэл Монголын улсууд Монгол газар нутаг дээр ээлжлэн оршин тогтнож ирсэн юм. Монголын анхны төрт улсаас эхлээд үе үеийн төрт улсууд хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээж байсан бөгөөд Монголын Эзэнт Гүрний үе бол түүний ноён оргил нь юм. Монголын Эзэнт Гүрэн бол зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр тогтсон гүрэн байгаагүй. Александр Македоны эзэнт гүрэн өөрийг нь нас барснаар задран унасан бол Чингис хааны байгуулсан Эзэнт Гүрэн түүний нас барснаас хойш олон зуун жил оршин тогтносон юм.
Чингис хааны дэлхийг төвшитгөх агуу үйл хэргийг харвал цөөн хүн амтай ч үндэстнээрээ андын зохион байгуулалтад орж, Аравт, Зуут, Мянгатаар хуваагдаж, өөрөөсөө үлэмж их хүн амтай улсуудыг захиргаандаа нэгтгэж, дэлхийд олон зуун жил амар амгаланг тогтоож, хүмүүнлэг, хамгийн боловсронгуй хуулийн тогтолцоог бүрдүүлж чаддагийн баталгаа юм. Евроазийг холбосон соёлын болоод эдийн засгийн солилцоо явагдаж, Монгол үндэстний удирдсан эзэнт гүрэн шашны эрх чөлөө, чөлөөт худалдаа, зам харилцаа, дипломат ёс, олон улсын хууль гээд олон олон ололт амжилтуудыг өрнүүлж нэвтрүүлж өгсөн юм. Эдгээр нь хүн төрөлхтөнд оруулсан Монголчуудын хувь нэмэр юм.
Монголын Эзэнт Гүрний бүрэлдэхүүнд багтаагүй дэлхийн хэсэг бол Баруун Европ. Гэхдээ Баруун Европд Монголын нөлөө хүчтэй байсан тухай түүхчид бичсэн байдаг. Монголын Эзэнт Гүрний ачаар Европчууд мэддэггүй байсан олон зүйлээ мэдэж, чаддаггүй байсан олон зүлсээ чаддаг болсон юм. Дорноос Өрнө рүү, Өрнөөс Дорно руу мэдлэг, технологи шилжсэн юм. Энэ нь Баруун Европод өрнөсөн Сэргэн Мандлын хувьсгалын хөрс суурь болж өгсөн. Тэгэхээр Монголын Эзэнт Гүрэн Европын Сэргэн Мандалд дам утгаар нөлөө үзүүлсэн гэсэн үг.
Монголын Эзэнт Гүрэн Газар дундын тэнгисээс Номхон далай хүртэлх олон мянган километр газар нутгийг хамарч олон янзын хэл, соёл, шашин шүтлэг бүхий үндэстнүүдийг нэгтгэж байсан бөгөөд Монголчууд өөрсдөө тэднийг захиран сууж тухайн оронд нь хэдэн үеэрээ амьдран сууж байжээ.
Эзэнт Гүрэн задарсны дараа тэдгээр хүмүүсийн үр хойчис болсон олон Монголчууд өнөөдрийг хүртэл евроазийн цээжин дээр амьдран сууж байна. Монголын Эзэнт Гүрэн задран унаж улмаар Монгол үндэстнийг үзэн ядах, хяхан хавчих явдал дэлхий даяар явагдаж олон Монголчууд зугтаж, гал голомт болсон Монгол нутагтаа ирсэн бол зарим нь тухайн улс орондоо арга мэхийг хэрэглэн амьд үлдсэн ажээ. Хэл, шашин, соёл, уламжлалаа сольж тухай үндэстнийхээ соёлд уусан өнөөдрийг хүртэл амьдарч иржээ. Магадгүй зарим газар оронд амьдарч байгаа Монгол гаралтай ард түмэн 13-р зуунаас өмнө ч тухайн газар орондоо очсон байх талаар судлаачдын таамаглалууд байна. Аттилаг дагаж европд аян дайн хийсэн Баруун Хүннүгийн үр сад ч бий.
Хамуг Монголын ариун гал голомт болсон Монгол нутаг дээр Эзэнт Гүрэн мөхсөнөөс хойш дотоодын тэмцэл, гадаадын дарлалаас болж Монголчууд чаддаг, мэддэг зүйл үгүй болж улмаар мухар сүсэгт автаж, түвдийн шарын шашинд хүчтэй нэрвэгдэж, өөртөө итгэлгүй, далдын хүчинд итгэсэн сул дорой хүмүүс болж хувирсан юм. Монгол үндэстний хувьд сүүлийн зургаан зуун жилийн түүх бол хүн төрөлхтнөөс тусгаарлагдсан хоцрогдлын үе байсан юм. Оюун санаа, шүтээний хувьд клончлогдсон үе байлаа.
Харин эсрэгээрээ хүн төрөлхтний хувьд сүүлийн зургаан зуун жил бол хөгжил дэвшлийн зуунууд байлаа. “Хүн төрөлхтний хөгжлийн тухай ярина гэдэг нь зөвхөн мэдлэгийн хөгжлийг л ярьж байгаа хэрэг шүү” гэж Германы философич Г.В.Хэгэл хэлсэн байдаг. Тэрхүү мэдлэгийн хөгжил нь бүтээн байгуулалт, аж үйлдвэр болон босож хүн төрөлхтнийг өөрчилжээ.
Хүн төрөлхтний хөгжлийн түүхийг дүгнэхдээ хоёр шинжлэх ухааны хувьсгал, гурван технологийн хувьсгал гарч, өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэрийн нийгмээс мэдлэгийн нийгэмд шилжих гэрэл гэгээтэй замдаа аль эрт орсон байна гэж дүгнэж байна. Нэгдүгээр шинжлэх ухааны хувьсгал нь Н.Коперникоос И.Ньютон хүртэлх орчин үеийн физикийн хувьсгал гэж хэлдэг. Хоёрдахь шинжлэх ухааны хувьсгал нь Эйнштейний харьцангуй онол, Квантын онолоор эхэлж партиклийн физик, орчин үеийн генетик, компьютрийн шинжлэх ухаан болон технологийн хувьсгалыг үүсгэсэн.
Нэгдүгээр технологийн хувьсгал нь хөдөлгүүрийн технологиор эхэлж, уул уурхай, хими, тээврийн салбарийн хувьсгалуудыг дагуулсан. Хоёр дахь технологийн хувьсгал нь цахилгаан хөдөлгүүр, дотоод шаталтын хөдөлгүүр, цахилгаан холбоо, гангийн үйлдвэр, нефтийн үйлдвэр, машин, онгоц, электрон тоног төхөөрөмж зэрэг бидний өнөөдрийн амьдралын суурийг тавилцсан. Гуравдахь технологийн хувьсгал нь электронжилт, мэдээллийн технологийн эрин үеийг гэж хэлдэг.
Энэ бүхэнтэй Монголчууд XX зууны 20-30-аад оноос л танилцаж эхэлсэн. Гэхдээ энэ хоёр шинжлэх ухааны, гурван технологийн хувьсгалд Монгол улс хэрэглэгч нь байснаас биш бүтээгч байж чадаагүй. Өнөөдрийн мэдээллийн технологийг хөгжүүлж, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлж байна гэж худал яриад яах вэ. Бид зөвхөн бусдын бүтээсэн зүйлийг импортолж, копидож хэрэглэж л байгаа төдий. 20-р зуунд гадаадад очиж суралцсан, ялангуяа шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр суралцсан ихэнх хүмүүс бүсдын бүтээсэн машин, механизм дээр хэрхэн операторын үүрэгтэйгээр ажиллахыг сурсан болохоос биш шинэ мэдлэг, технологийг бүтээх суурь мэдлэгт суралцаж чадаагүй өнөөдөр Монгол улсад аж үйлдвэр байхгүй, үйлдвэрлэгч бус хэрэглэгч болох суурийг тавьсан гэдгийг ухаарах хэрэгтэй
XX зууны 70-аад оны үед Монголчууд хөгжлийн өндөр түвшинд хүрэхийн тулд Монгол залуусыг Зүүн Европт шинжлэх ухаан, инженерийн салбаруудад бөөнөөр нь явуулж сургаж, мэдлэг болон аж үйлдвэрийн салбараа цоо шинэ шатанд гаргахаар төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байсан. Энэ зөвхөн оролдлого төдий байгаагүй. Харамсалтай нь эдгээр залуучууд 80-аад онд сургуулиа төгсөөд ирэхэд бүтээн байгуулалт дахь бүх салбаруудын аж үйлдвэрийг устгаснаар тэд ерөнхийдөө гудамжинд гарсан гэдгийг энд тэмдэглэх ёстой.
Монгол орон 1980-аад он гэхэд аж үйлдвэрийн эдийн засаг, нийгэмд шилжиж, тэр үедээ Азийн орнуудын дунд нилээд хөгжилтэй орнуудын нэгт тооцогдох түвшинд хүрсэн байсныг өнгөрсөн 20 жилд устгаж, Монгол орныг мухар сүсэг, ядуу зүдүү, хөгжлийн эрмэлзэл байхгүй болгож орхисон юм.
Одоо дэлхийн хөгжсөн орнууд, хөгжиж байгаа орнууд айсуй яваа 3 дах шинжлэх ухаан, 4 дэх технологийн хувьсгалийг угтаж үүний ашгийг хүртэхийн тулд стратегиа боловсруулж, институтаа байгуулж байна. Энэ хувьсгалийг шинэ биологи болон биотехнологийн хувьсгал гэж нэрлэж, шинэ биологийн эрдэм шинжилгээний институтийг үүсгэж, тухайн шинэ мэдлэгээс гарч ирэх технологуудыг хөгжүүлэх зорилгоор Германы Фраунхоферийн /Fraunhofer/ технологийг судалдаг төвтэй адил институдийг хөгжүүлж, мэдлэгийн нийгэм, мэдлэгийн эдийн засаг, мэдлэгийн соёл иргэншил рүү эргэлт буцалтгүйгээр орж үйл ажиллагаагаа эхэлчихээд байна.
Гэтэл Монголд улс төрийн нам, засгийн газар, УИХ-ын гишүүд нь дөрвөн хөлтэй амьтны хөшөө босгож, тахилга, найр хийж, уул уурхайн баялгаа бусдад цөлмүүлж, Монгол хүнд тэтгэврийн хэдэн төгрөг нэмж, хууран мэхэлж байгаагаас биш бусад хүн төрөлхтөнтэй адил шинэ цаг үед тохирсон хөгжлийн ямар ч зүйл хийхгүй байна. Албаар Монгол үндэстний эсрэг үйлдэж буй гэмт хэрэг үү эсвэл Монгол хүний тусын тулд хийж байгаа зүйл үү гэдгийг Монгол хүн эрүүл ухаанаараа мэдэж байгаа гэдэгт үл эргэлзэнэ.
Мэдлэггүй, мухар сүсэгтдэг үеийг төгсгөл болгож, мэдлэг боловсролыг эрхэмлэж, нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө Монгол Үндэстэн босч ирэхийн тулд юу хийх ёстой талаар дараагийн нийтлэлдээ хүргье.
Үргэлжлэлийн Цуврал №3-аас...
Моралтай Монгол Сан