Оюунболд арсланг 2019 оны Улсын наадамд түрүүлсний дараа наадамчин олон үнэн сэтгэлээсээ баярласан. Түрүүлснээсээ хойш олигтой амжилт үзүүлээгүй Оюунболд ч хэдэн жилийн дараа бахархал төрүүлэм сайхан барилдсан. Тун хүчтэй харцага Анарыг (долоогийн) зааны даваанд амлаж , түрүүлэх бөхийн таамагт багтсан Содномдорж арслантай гарьдын (наймын) даваанд тунаж, есийн даваанд аварга Батсуурийг хурд, хүчээр илүүрхэн ялж, улсын наадамд хоёр дахь удаагаа түрүүлснийг сайн санадаг.
Түүнд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар аварга цол олгож, Тоёото ланд Круйзер машинаар байлсан. Уламжлал ёсоор түрүүлсэн болон цолонд хүрсэн бөхчүүдээс допингийн шинжилгээний авсан. Гэтэл шинэхэн аварга Оюунболд допинг хэрэглэснийг Допингийн хорооноос зарласан. Харцага Анарыг хүүхэд шиг хөнгөхөн өргөж, арслан Содномдоржийг өндийлгөлгүй дарж бөгсөөр нь суулган, аварга Батсуурийг ч төвөггүй түрж ялсан нь Оюунболдын бэлтгэл сургуулилт сайн, бяр тэнхээ хүчтэй байна гэж шагширч байсан бөхийн хорхойтнуудын ам дамнасан магтаал нь допингийн ид шиг байжээ гэх бодлоор аяндаа солигдсон. Монголчууд жилдээ ганц зохиодог төрийнхээ наадмыг ч хийж чадахаа больжээ гэдэг дүгнэлтэнд ч хүрч, наадамчин олны итгэл үнэмшил алдарсан. Нэгэнт допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол журмын дагуу Оюунболдын аварга цол болон түрүүлсэн бөхөд олгодог бай шагналыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд оногдох давааны цол, чимгийг ч нөхөн олгоно гэж наадамчин олон хүлээж байсан.
Гэвч асуудал шийдэгдэлгүй явсаар дараа жилийн наадамтай золгочихов. Аваргын цолыг хураасангүй, хэний ч цолыг нөхөн олгосонгүй. Хэн ч юу ч хийсэнгүй. Ийм зүйл болдог юм байна. Үндэсний Бөхийн Холбоо ч таг чиг. Оюунболд допингийн асуудлаар шүүхэд хандсан нь, өнөөг хүртэл шийдэгдсэн зүйлгүй. Ийм л байдалтай өнөөдөртэй золгов. Харин аварга Оюунболд ухамсраараа энэ жилийн наадмыг өнжлөө. Тэгснээрээ өмнөх жилийнхээ асуудлыг намжаах арга хэмжээг хувиасаа авлаа гэж түүнийг зөвтгөх нэг хэсэг байна. Хэрвээ Оюунболд наадамд зодоглоно гэсэн бол асуудал хүндрэх нь тун тодорхой байлаа. Өмнөх жилүүдэд допинг хэрэглэх нь түрүү байхад хамаарч байсангүй. Тиймээс асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учирдаггүй байж. Харин түрүүлсэн бөхөөс допингийн сорьц илэрсэн нь анхны тохиолдол.
Оюунболдыг шийтгэнэ гэдэг бол асар олон үр дагавар дагуулах дээрээ тулсан гэж бодно. Хамгийн түрүүнд, Монголын төр жилд ганц удаа зохиодог төрийнхөө наадмаа ч будлиангүй зохиож чадахаа больсон байна гэх хатуу шүүмжлэлд унана. Монголчууд бүгдийг найруулдаг болсон гэх асуудал дахин сөхөгдөнө. Морины уралдаан, хүчит бөхийн барилдааны "найрааны" асуудал хуучраагүй. Улсын цолонд хүчээр хүрэх бөхчүүд тийм ч олон биш байдаг. Улсын цолтон буюу начин, заан " төрүүлэх" аян хэрэгжээд удаж буйд улсын харцага Анараас өгсүүлээд шүүмжлэлтэй хандаж буй бөхчүүд цөөнгүй. Оюунболд өөрөө санаачилга гарган энэ жилийн наадамд зодоглохоос татгалзаагүй бол бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, наадмын зохион байгуулалтад ч саад үүсэх байсныг үгүйсгэхгүй. Оюунболд допинг хэрэглэсэн нь үнэн бол цолыг нь хурааж, хэрвээ энэ бүхэн нь эндүүрэл байсан бол барилдах эрхийг нь хангах ёстой. УИХ-ын сонгуулийг зохион байгуулахад Сонгуулийн Ерөнхий Хороог бид хайдаг. Энэ байгууллага сонгуулийг шударгаар зохион байгуулж чадахаа болиод удаж буй гэдэг шүүмжлэлээс салахаа больсон. Тэгвэл Оюунболд аваргын тохиолдолд хамгийн түрүүнд Монголын Үндэсний Бөхийн Холбоо хаана байна вэ? гэж асууя.
Түүнийг түрүүлнэ гэх цуу тарсан байсан. Гэтэл тэрбээр түрүүлсэн. Нутгаас нь ерөнхий сайд гарсан учир, түрүү бөх нь бас Хэнтийнх байж болно гэх" давс" хачир цацагдсан.
Ц.ЭНХБАТ