Оон улсын кино найруулагчдын хараанд өртсөн жүжигчин
Хүдэр чийрэг бие, хүнгэнэсэн дуу хоолойгоороо жүжигчид дундаас ялгардаг жүжигчин бол яахын аргагүй Д.Цэрэнболд билээ.
“Netflix”-ийн бүтээсэн Марко Поло кинонд Чингис хааны дүрийг, "Warner Bros" кино компанийн “Burn Your Maps” кинонд зайрангийн дүрийг бүтээсэн байдаг. Мөн үүгээр зогсохгүй Казахстан улсын “Рекитер” киноны найруулагч Аханом Сатаевын найруулсан кинонд Галданцэрэн хааны дүрийг бүтээсэн бөгөөд тус улсын төв телевизээр цацагдсан арван анги бүхий сериалд дүр бүтээсэн. Харин тэрбээр хамгийн сүүлд Украйн болон АНУ-ын уран бүтээлчдийн хамтран бүтээж буй “The Rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” хэмээх кинонд дүр бүтээжээ. Ирэх арван нэгдүгээр сард нээлтээ хийх тус киноны үйл явдал тэртээх 1241 онд өрнөх аж. Тэрбээр эдгээр кинонуудад дүр бүтээснээ ердөө л эхлэл хэмээн тайлбарлажээ.
Хаана ч "Би монгол хүн" гэж бардам хэлдэг дайчин жүжигчин бүсгүй
Холливудын алдарт жүжигчин Жонни Депптэй хамтран "Waiting for the Barbarians" кинонд дүр бүтээсэн жүжигчин Б.Ганчимэг хэмээх бүсгүй эх орондоо саяхнаас танигдаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Өмнө нь “Ex Machina”, “Wonder Women”, “Sweet Lies” зэрэг өндөр томоохон кино бүтээлүүдэд дүр бүтээж байсан тэрбээр загварын салбарт ч мөн өндөр амжилттай яваа нэгэн.
Авъяаслаг жүжигчин хүү
АНУ-ын алдарт “Nickelodeon” сувгийн бүтээл “All That”инээдмийн цувралд Монгол хүү дүр бүтээдэг. Өнгөрөгч зургаадугаар сараас эхлэн цацагдаж эхэлсэн тус цувралд тоглосон 13 настай С.Чингүүн хүү 12-15 насны 20 мянга гаруй хүүхдээс шалгаран гол дүр бүтээсэн авьяастай нэгэн. Тус кино хамгийн анх 1994 онд үзэгчдийн хүртээл болж байсан. Харин үүнээс хойш 25 жилийн дараа шинэчлэгдэн ийнхүү үзэгчдийн хүртээл болоод байгаа тус кино IMDB дээр 7.5 гэх үнэлгээг авчээ. С.Чингүүний анхны дүр энэ биш. Есөн настайдаа ч мөн нэгэн кино бүтээлд дүр бүтээж байсан тэрбээр Чикаго хотын Залуучуудын чуулга болон “Laugh out loud” театрын үндсэн уран бүтээлчээр ажилладаг байна.