АСТРАЗЕНЕКА ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21-НЭЭС ХИЙНЭ

2021-03-19  

 Их Британи-Шведийн "AstraZeneca" компани ба Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран гарган авсан КОВИД-19-ийн эсрэг AZD1222 вакцин хийлгэсэн иргэдийн хоёр дахь тунг ирэх сарын эхээр хийж эхлэх болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, "Монгол Улс өнгөрсөн сарын 22-нд  Энэтхэг улсын Астразенека вакцины 150 мянган тун, Синофарм вакцины 300 мянган тун вакцин хүлээн авч, 23-наас коронавирусний эсрэг дархлаажуулалт эхэлсэн.  Улмаар хоёрдугаар сарын 27-нд Спутник V вакцины 10 мянган тун,  гуравдугаар сарын 12-нд Астразенека вакцины 14400 тунг хүлээж авсан. 

Энэ сарын сүүлээр Файзер вакцины 25 740 мянган тун вакцин орж ирнэ. Ирэх дөрөвдүгээр сарын эхээр Астразенека вакцины 97600 тун, Спутник V вакцины 300  мянган тун, Синофарм вакцины  900 мянган тун, АстраЗенека вакцины 300 мянган  тун орж ирнэ.

Нийтдээ  нэг сая 600 мянган тун буюу нэг хүнд хоёр тунгаар гэж тооцвол 800 мянга гаруй хүнд хийнэ. Нэг ачаа тээврийн онгоцонд 300 мянган тун вакцин багтаж байгаа учраас ийнхүү тоо нь хязгаарлагдаж байна. Астразенека вакцины хариу урвал өндөр байсан тул эрхтэн шилжүүлсэн болон 65-аас дээш настай иргэдэд Файзер вакциныг хийнэ. Улаанбаатар хотын хүн амыг 3-5 сард вакцинжуулж дуусна.

Хоёрдугаар сарын 23-нд АстраЗенека вакциныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариулсан. Хоёр дахь тунг нь гуравдугаар сарын дундуур хийлгэх байсан. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулсан судалгаагаар 56 хоног буюу нийтдээ найман долоо хоногийн дараа эсхүл 12 долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэх юм бол эхний хийлгэсэн тунгийн дархлаа тогтоох чадвар өндөр болж байна. 60 хувь биш 80 хувь хүртэлх дархлаа тогтож байна гэсэн. БНСУ Астразенека вакцины хоёр дахь тунг гурван сарын дараа хийж байна. Эрүүл мэндийн яам 56 хоног буюу найман долоо хоногийн дараа Астразенека вакцины хоёр дахь тунг хийх шийдвэр гаргасан. Тиймээс олон нийтэд зарлаж вакцинд хамрагдсан иргэдтэй дахиж холбогдож хоёр дахь тунг хийлгэх хугацааг сунгасан талаар мэдээлж байгаа.

Харин Спутник, Синофарм вакцины хоёр дахь тун 28 хоногоо барих тул энэ хоёр вакцины хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 10-наас тарьж эхэлнэ. Харин дөрөвдүгээр сарын 21-нээс Астразенека вакцины хоёр дахь тунг хиж эхэлнэ. Тавдугаар сарын 12-ноос тавдугаар сарын 22 гэхэд Улаанбаатар хотын нэг сая хүнд вакцины эхний тунг бүрэн хийсэн байна гэж тооцоолсон. Зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 2 гэхэд нэг сая хүнд вакцины хоёр дахь тунг бүрэн хийж дуусна. Энэ нь вакцины нийлүүлэлттэй холбоотой. Нийлүүлэлтийн хуваарийг одоогоор тодорхой гаргасан ч цаг хугацааны хүчин зүйлээс хамаараад хойшлох эрсдэлийн 10-20 хоногийн хугацааг тооцсон" гэлээ.

Монгол Улсад сүүлийн долоон хоногт дотоодын халдвар өдөрт 100-гаас дээш бүртгэгдэж байна. Монгол Улс "КОВИД-19"-ийн үед ашиглахаар 1240 ор нөөцөд бэлдсэн нь бүгд дүүрсэн тул 400 ор шинээр гаргажээ. Халдварын тархалт нэмэгдсээр байгаа тул аль болох бүх нийтийн хөл хорио тогтоохгүйгээр хүн ам шигүү суурьшсан, халдварын эрсдэл бүхий хороонд хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа. Гэвч өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-гаас дээш гарч эхэлбэл гамшгийн үеийн улаан түвшинд шилжиж, хөл хөдөлгөөнийг 80-90 хувьд барьж, бүх нийтийн хөл хориог тогтоохоос өөр аргагүйд хүрнэ гэдгийг мөн онцолсон юм.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?