ТӨРИЙН ШАГНАЛТ Ч.ЛХАМСҮРЭНГИЙН "ХҮРЭН МОРЬ" ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ХҮРЭЭГЭЭ ТЭЛСЭЭР...

2021-10-28  

Тэртээ 1990 оны цагаан морин жилд Баянхонгор аймгийн намын хорооноос санаачилж, тус аймгийн уугуул, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэнгийн нэрэмжит "Хүрэн морь" яруу найргийн наадмыг анх удаа зохиосон. Яруу найрагч Дондогдоржийн Халзан, Ванхүүгийн Батбаяр, Галсангийн Цэрэн, Рэнчины Мөнхтариа, Лханаагийн Мөнхтөр нар аваргалж явсан түүхэн улбаатай эл наадам 31 дэх жилтэйгээ энэ намар золгосон. Энэ удаагийн "Хүрэн морь" яруу найргийн нааадамд Болор цом"-ын эзэн Норовын Гантулга тэргүүтэй газар газрын найрагчид оролцсон нь тус наадмын нэр хүнд олон түмэнд хүрч, цар хүрээгээ тэлж байгаагийн тод илэрхийлэл боллоо. Баянхонгор аймагтай хил залгаа Говь-Алтай, эх орны баруун хязгаар Ховд, Дарханаас гадна нийслэл Улаанбаатар хот зэрэг газар газрын гал цогтой 34 найрагчид шүлгэн хүлгээ уралдуулан өрсөлдлөө. - Шүүхэд амаргүй байлаа. Цэл залуухан яруу найрагч Дагдангийн Тунгалаг (Баянбулаг сум), Ариунболдын Жадамбаа (Баян-Өндөр), Билэгдэмбэрэлийн Лувсанпэрэнлэй (Баацагаан ) нарыг шүлгээ уншихад үзэгчид өндөлзөж байлаа. Мөн Бөмбөгөр сумын Т.Эрдэнэчулуун, Ховдын Ц.Отгонбаатар нарын шүлгүүд даваа дуусан дуустал чансаа өндөртэй байсан. "Хүрэн морь" яруу найргийн наадамд өрсөлдсөн 34 найрагчаас хоёрын даваанд 20 найрагч , лдэж гурвын даваанд 10 найрагч шалгаран өрсөлдсөн нь тэмцээнийг улам хурцалсан. Ням гарагт дүнгээ гаргахад, Богд сумын уугуул С.Мөнхтогтох 20,5 оноогоор, Баян-Өндөрийн А.Жадамбаа 20,2, Говь-Алтайн Дэлгэрийн Б.Буянжаргал 20,2 оноогоор тус тус тусгай байр, Говь-Алтайн Т.Мөнх-Амар тав, Бөмбөгөрийн Т.Эрдэнэчулуун дөрөв, Ховдын Ц.Отгонбаатар гурав, Баянбулагийн Д.Тунгалаг дэд байранд шалгарсан. Энэ удаагийн " Хүрэн морь" яруу найргийн наадамд МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын эзэн Норовын Гантулга түрүүлж, "Хүрэн морь" молор цомоор шалгарсан гэж тус наадмын ерөнхий шүүгч, аймгийн зохиолчдын салбарын дарга, яруу найрагч Б.Жавзандулам онцоллоо. Шүүгчдийн багт Заг сумын уугуул, сэтгүүлч, яруу найрагч Л.Батцэнгэл, "Хүрэн морь"-ны эзэн, Говь-Алтай аймгийн уугуул Д.Эрдэнэцэцэг, аймгийн Номын сангийн эрхлэгч, Богд сумын уугуул Б.Түвшинчимэг, Галуут сумын уугуул, яруу найрагч А.Батжаргал нар ажилласан байна. -Сүүлийн он жилүүдэд, намрын намарт Хонгор нутагтаа ирж алдарт Сэгс цагаан Богдын хилийн застав, Ч.Лхамсүрэн гуайнхаа Ижий цагаан нуур зэрэгт очиж найргийн онгодоо илүү хөглөх болсон минь өнөөдөр Хонгор нутгийнхаа Хүүхдийн "Тэмүжин" театрын Алтан тайзнаа төрийн шагналт, нэрт зохиолч яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн гуайнхаа нэрэмжит "Хүрэн морь"-ны торгон жолоог өргөхөд нөлөөллөө. Энэхүү хүндтэй цомыг гардан авч байгаадаа туйлын баяртай байна. Хонгор нутгийн найргийн энэхүү авшигтай алтан дэвжээнээс олон арван аавын хүү, ээжийн охид Хүрэн мориныхоо торгон жолоог өргөж дэлхийн дэвжээнд гайхуулах болтугай. Наадмын даваа бүрт надтай эн тэнцүүхэн өрсөлдсөн Хонгор нутгийн залуу найрагчдаар ах нь бахархаж байна. Энэ нутгаас ийм гал цогтой найрагчид цоролзон гарч ирж буйд сэтгэл огшиж байна. Хонгор нутаг, Хонгор нутгийнхандаа баярлалаа гэж "Молор цом"-ын болон Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга сэтгэгдлээсээ хуваалцлаа. "Хүрэн морь" яруу найргийн наадмыг аймгийн засаг дарга Долгорсүрэнгийн Мөнхсайхан ивээн тэтгэсэн бол "Хүрэн морь" молор цомыг Бөмбөгөр сумын уугуул, сийлбэрч, аймгийн Музейн дарга Раднаагийн Пүрэвсүрэн долоо дахь жилдээ урлажээ. Тус наадмыгхол ойроос зорин ирсэн яруу найрагчид болон утга зохиолын төлөө зүрх сэтгэлээ өгсөг зарим хүмүүсийг аймгийн ИТХ-ын Хүндэтгэл, Соёрхол одон, Засаг даргын жуух, аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр энэ үеэр шагнаж урамшуулсан байна.

Э.ОТГОНЖАРГАЛ.

 

Ч.ЛХАМСҮРЭН (Төрийн соёрхолт зохиолч)

"ХҮРЭН МОРЬ"

Найраглал

Оройн улаан нар

Онц туяа татуулаад

Сунаж хөвсөн үүлсийн

Сугыг нэвт шагайж

Урваж хөрвөж байгаа 

Хурын бараан үүлийг

Улбар шар өнгөөр

Хувиргаж сайхан чимлээ.

 

Сүрэг тарган адуу

Суурь билчээрээ солиход

Сүүлд нь явсан хүрэн

Сугарч хойно нь хоцроод

Сургаж өгсөн эзнийхээ

Сургийг сонсох гэсэн шиг

Сухай улаан өнгөөр

Суниаж байгаа нарыг

Эгцэлж нэг хараад

Эргэж нэг унгалдав.

Дасаж байсан сүргээсээ

Тасарч үлдсэн хүрэн

Талын зөөлөн хөрсөн дээр

Тавтай хэд хөрвөөгөөд

Танхил биеийнхээ шороог

Дахин шилгээж унагаад

Өргөн замаа үнэрлэж

Өтгөн сүүлээ сөхөж

Yvлтэй тэнгэрийн доогуур

Хөвөн нисэх адил

Yзүүртэй модны дээгүүр

Харайн дэгдэх адил

Хур дэлээ хийсгэж

Хурдан шөрмөсөө чангалж

Тоосоороо тоглон бусгаж

Торойтол ганцаараа тасарчээ.

Ганц хүрэн морь

Гарсан оройгоос эхлэн

Зүйрлэшгүй санасан нутгийнхаа

Зүг чигийг алдалгүй

Зүсэрсэн ширүүн бороог

Зүсэж сөрөн явахдаа

Байцат өндөр хэцийг

Бардаж давж гарахдаа

Бартаат талын арвиныг

Бахдаж давхин өнгөрөхдөө

Өдрийн халуун наранд

Өл залган амарсаар

Шөнийн бор хоногт

Сүүдрээ дагуулан гүйсээр

Бүтэн гурван өдөр амарч

Бүхэл гурван шөнө явжээ.

Дөрөв дэх шөнөдөө тэр

Дөхөх гүйдэлдээ ороод

Дөт замаар дагасаар

Дөрвөлжин шар дөрөлжийг

Дөнгөж даваад иртэл

Дөхмийн чоно тааралдав.

Хонгор нутгаа үгүйлж

Хол өнцгөөс гүйсэн

Хүрэн морины урдуур

Хөндий цөлийн араатан

Зэвхий муухай чононууд

Зэллэж хошууран ирлээ.

Хээрийн зэрлэг араатан

Хэдийн дайралдсан боловч

Хэтийн их зорилгоос

Хэрхэвч хойш ухарсангүй

“Өнгө бүрийн тотгороос

Өөрийн зорилгоор салсан сан.

Өвч тураг бие минь

Өстөн хортонд бариулах нь уу?

Өлөн чононд хөөгдсөн ч

Өлгий нутагтаа дөхье

Өлсгөлөн махчинд ээрэгдсэн ч

Өнөр ижилдээ ойртъё.

Хурдан сайн удамтай билээ

Хурц дөрвөн туурайтай билээ

Хуй шиг хийсээд гаръя

Хулан шиг дайраад үзье”

Хүрэн морь ч ухасхийв

Хөөсөн “ноход” ч өртөөлөв.

Халдаад ирсний нь

Хавиргыг өшиглөж

Дахиад ирсний нь

Тархийг чавчсаар

Хүрэн морь ч

Сугарахаараа сугарав

Хөнөөлт саарлууд ч

Сунахаараа сунав.

Эгзгэлсэн санааны хүчээр

Эрсэлсэн хөлийн хурдаар

Хоол эрж гурингадсан

Ховдог муухай араатны

Хомхой аманд оролгүй

Хорт соёонд өртөлгүй

Байдаг чадлаа шавхаж

Баахан хэсэг явтал

Голын ус шуугиж

Хоточ нохой хуцлаа

Аргалын утаа үнэртэж

Айлын бараа харагдлаа.

Нохойн чимээ аваад

Ноцсон галыг үзээд

Хөндийн бузар араатан

Хөөхөө болиод хоцров.

Харагдсан айлыг чиглэж

Хар эрчээрээ давхисаар

Тооноороо оч үсэргэсэн

Том гэрийн гадаа

Хөөгдөж туйлдсан хүрэн

Хүрч ирээд зогсов.

Гэнэтийн энэ чимээгээр

Гэрийн эзэн гарвал:

Уяатай морины нь дэргэд

Урт өтгөн сүүлтэй

Уудам өргөн хондлойтой

Хүч тэвээрэг муутай

Хүрэн зээрд зүстэй

Хүлэг сайн морь

Хөлс нь дуслаад зогслоо.

Атар хээр газар

Аюулт дайсантай тулгараад

Бүрхэг шөнийн хэцүүд

Бүдрэн сандран давхисаар

Айлын гадаа ирээд

Амьсгаа дарж байхдаа

Гэрийн эзний бүтэлгүйг

Гэнэдсэн хүрэн мэдсэнгүй.

Хүрэн морийг илбэсээр

Хөлд нь эвтэйхэн суугаад

Гурамсан хар чөдрөөр

Гурван хөлий нь баглав.

Ургаа хадны дундаас

Ундрах булгийн эхнээс

Урсаж байгаа голыг

Уулын чулуугаар боох шиг

Уйтгарт бэрхийн дундаас

Урьхан нутгаа санасан

Унаган зүст хүрний

Урт замыг таслаад

Барьж унасан хүн

Бачилж эдлэх талаар

Бадарч ламын зовоохоос

Багагүй илүү болжээ

Эмээллэж унадаг морьдын

Ээлж солиог хийе.

Энгүй хол газраас

Эх нутагтаа гүйсэн

Энэ морины хойноос

Эзэн ирж магадгүй

Эрэлцэн суралцан ирээд

Эрхэм морио авбал

Олзонд дуртай надад

Онц ашиг болохгүй.

Хэд хоног боловч

Хэрэг ажлаа бүтээе гэж

Шинэхэн тэр эзэн

Шийдэж дотроо бодоод

Хошуу нутаг дамжиж

Худалдаа наймаа хийхээр

Хол ойргүй хэсэж

Хонжоо олз олохоор

Хүрэн морийг унаад

Хөрш хошуунд явжээ.

Мөнх алтайн оройгоор

Мөнгөн цас цайрч байвч

Мөрөн голын хөвөөгөөр

Мөчирт мод ургаж байвч

Урт арвин хангайг минь

Уйлах дуу цуурайтуулж

Уудам монгол нутгий маань

Уулгалсан дайсан түйвээгээд

Дайн тэмцлийн утаа манарсан

Дажин самууны хөл үймсэн

Хүнд бэрх үе байлаа

Гүжир хатуу цаг байлаа.

Хүйс тэмтрэхийг зорьсон

Хүй олон дайсныг

Хүчирхэг монгол хүмүүс

Хүчээ гарган тэмцээд

Ган сэлмийн ирээр

Гал оч үсэргэж

Гайхамшигт их нэгдлээр

Гарамгай зоригтой тулахад

Галзуу харгис цэрэг

Газар сайгүй бужигнаж

Замд тохиолдсон бүхнийг

Зандалчны ёсоор сүйтгэж

Өмнөө уулзсан бүхнийг

Өөрийн дураар дарлаж байлаа.

Хүсэл нь ханадаггүй панзчин

Хүрэн морийг унаж

Хүрээ хөдөөгүй тэнэж

Хүн ардыг шулаад

Аймаг хошуу сүлжиж

Ашиг хайж явсаар

Хорон санаат дайсны

Хоморгонд орж баригдаад

Харийн хэрцгий ноёны

Хажууд нь очиж мөргөв.

“Утсан улаан амий минь Уучилж хайрла, ноён минь.

Унасан морио эмээлтэй нь

Урд чинь авчирч өгье

Авч яваа юмаа би

Айлтгаж таньд барья” гэж

Дахин дахин гуйгаад

Дальдарч мөргөн уйлаад

Хүүрийн төдий биеэ

Хүрэн мориор авруулав.

Халх монгол нутагт

Хатуу тэмцэлтэй байхад

Гараас минь сүрддэг хүн

Ганц энэ л байж гэж

Авилгачин ноён бодоод

Аймхай мууд хэлсэн нь:

“Ар монгол нутаг

Алган дор минь байна

Алтан дэлхийн шороо

Хөл дор минь байна.

Адгийн муу чамайг

Алаад би яах вэ,

Хэлсэн үгий минь дагаж

Хэрэг ажилд минь оролц!

Зовлого арьс болсон ч

Золбоотой морь байна

Тарга хүч муутай ч

Тал туулах хүлэг байна” гэв..

Ихэмсэг ламд булаагдаж

Ижил ханиасаа хөндийрөөд

Жороо хүрэн морь

Зохистой заяа үзсэнгүй.

Хэн нэгний гар дамжсан

Хиртэй халтар хадаг шиг

Хүрэн зээрд морь

Хүйтэн гарыг дамжсаар

Хүний амины золио болж

Хөнөөлт дайсны унаа болов.

Хартан хортны гарт

Хамрагдан орсон боловч

Ган дөрвөн туурайгаар

Хөрст газрыг онгилж

Гайхам их хүчээрээ

Хөнөөлт дайсанд тусалж

Буруу элэгтний зоргоор

Буурал нутгаа бусниулж

Буман олноо сөнөөх

Бузар хэрэгт оролцсонгүй.

Хүн хүний мэдэлд

Хүлээстэй зовлон эдэлсээр

Залуу хүрэн морины

Зан ааш нь хувираад

Хавьтаж талхисан хүн

Хамаагүй ширүүн оролдвол

Хайрч өшиглөдөг болжээ

Хажиглаж хаздаг болжээ.

Морь эдэлж сураагүй

Онгироо сагсуу ноён

Мулгуу тэнэг хүчээр

Олмы нь гэнэт чангалтал

Танхай балмад түүний

Тарган махлаг мөрийг

Тавхийтэл үмхээд

Тасхийтэл шувтрав.

Хүүршсэн хувцасны цаанаас

Хүрэн цус нь нэвтрээд

Яс махандаа хадтал

Янгинаж сүрхий өвдөхөд

Харааж орилсон дайсан

Хуйт хутгаа сугалаад

Хүрэн морины гуяа уруу

Хүчтэй гэгч нь дүрэв.

Хутга шаалгасан морь

Гуяа өвдөхийн эрхэнд

Зөрүүлж нэг хазаад

Зөрж нэг өшиглөөд

Шудран дайрч алдууран

Шууд давхиад оджээ.

Завсрын дайсанд эдлэгдээд

Замын шороонд дарагдаад

Зан ааш нь хувирсан

Зандан хүрэн морь

Яагаад ийм болсныг

Ярьж өгөх үү би,

Ардын хүүгийн зориг хурц

Адуун сүргийн туурай хурц

Эр хүний намтар элбэг

Эмээлт морины домог баялаг.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?