Их яруу найрагч А.С.Пушкин 1799.06.06-нд мэндэлсэн. Өнөөдөр түүний төрсөн өдөр. Бага сургуульд анх нэрийг нь сонсож, шүлэг зохиолтой нь хальт мөлтхөн танилцсанаа, дунд сургуульд орсон хойноо жаахан ахиж шүлгийг нь дурлан уншиж, заримыг нь цээжлэн. туужуудынх нь амтанд орж илүү шимтэж билээ. Тэр цагаас хойш сэтгэлдээ Пушкинтэй хамт амьдарсан гэхэд болно. Нэг газар зэрэг төрж, хамт өсөж сурч, зэрэгцэн сууж шүлэг, найраглал, тууж бичилцсэн юм шиг дотноссон. Оюутан цагт манай сургууль Москвагийн захад болохоор хотын төв рүү хааяа чухал ажлаар л явна. Метрогоор бүтэн цаг явж улаан талбай ордог байв. Тэгэхээр миний хувьд Москвагийн төв рүү зүглэвэл цаг хожиж, нэг бол Третьяковын галерей үзээд буцна, эсвэл Пушкины хөшөөт талбай орно. За даа, Москвад миний очих дуртай хоёр газар минь ингээд л болоо. Пушкины талбай нь Тверийн гудамжны зүүн хойно “Россия” кино театрын үүдэнд байдаг. Талбайн голд найрагчийн хөшөө сүндэрлэнэ. Гоё ч барьсан. 1880 оны хүрэл хөшөө. Найрагч төрсөн хотынхоо төв дунд нь хүн, машины шуугиан ихтэй газар, гантиг өндөр суурин дээр буржгар үст тэргүүнээ бөхийлгөж бодол болон зогсоно. Баруун гараа хүрэмнийхээ энгэр лүү явуулж, ар нуруундаа авсан зүүн гартаа малгайгаа барьсан харагдана. Зүүн хөлөө ялимгүй урагш нь тавьжээ. Хөлийн энэ тавилт бас учиртай шүү...Босоо өндөр суурины хажуу дээр найрагчийн “Хөшөө дурсгалаа босгов, би...” шүлгийн “
...Энэрэлгүй хахир цагт эрх чөлөөг алдаршуулж
Элэг нинжин сэтгэл аялгуут найргаар сэрээж
Эрхшээлд сөгдөн дордост өршөөл нэхсэнээрээ
Эрин эринд би ард түмэндээ дурсагдана..!” гэсэн бадаг сийлээстэй. Хөшөөн дээр очоод “Сөхөрсөнийг нь босоход шүлгээрээ дэмнэсэн” гэж би өөртөө л дуулдахаар шивнэдэг. Москвад найрагчийн төрсөн Бауманы гудамжны 57-р байшинд байгуулсан гэр музейд хэрэг болгон зорьж очиж үзсэн. Петерийн хотод “Хааны тосгон”-д нь зочилсон. Хар далайн эргийн Одесс хотод дадлага хийх үедээ найрагчийн хөшөөнд, нэг ангийн таван Монгол харцуул цэцэг өргөж, музейг нь үзэж билээ.
“...Тэнгисийн эргээр тэнүүчлэн хүлээж
Тэртээ онгоцыг даллан явна.
Долгионтой маргаж догшин онгоцоор
Довтлон давхих минь хэзээ бол?... Энэ хотод бичсэн шүлэг нь... Найрагч Одесст байхдаа хөзрийн мөрийтэй тоглоомонд дурлаж их мөнгө алджээ.
“...Наадам хөзрийн ширээ дэлгэгдэж
Найргүй уйтгар дунд... сэтгэл сэргэж
Найман ээлж тоглож гүйцээд
Наадах байраа хэд солив...” гэсэн бадгууд, бас мань хүний өрийн дансыг нь үзмэр болгон тавьсныг нь үзээд бид их л хөгжилдсөн. Нямаа бүр онцгой чанга инээхэд нь бид хажуунаас нь
“-Аяар гэм...” гэсэн чинь музейн тайлбарлагч
“-Зүгээрээ, их найрагч өөрөө их чанга инээдэг хүн байсан юм, бусдыгаа шоолохдоо бүр гаргуунд...” гэж хэлэхэд нь манай хүн аврагдсан удаатай. За тэгээд Болдино тосгонд намраар би саатсан. Эмэг эх Арина Родионовнатай хамт найрагч амьдран сууж байсан Михайловск тосгоны хажуугаар урсдаг Ока мөрний үзэсгэлэнт эргээр алхах завшаан таарсан. Белорусст дадлагаар явахдаа Могилев хотод найрагчийн буудаллаж байсан гэр музейг сонирхсон. Найрагч Оросын өмнөдийн цөллөгөөс Москва руу буцах замдаа 1820 онд, дараа нь 1824 онд энэ хотоор дайрч гарчээ. Эхний удаад нь авч явсан харгалзагч нь сайн хүн байж таараад, энд алба хааж байсан декабрист залуу офицерүүдийн гуйлтаар найрагч тэдэнтэй уулзаж хоноглов. Залуус найрагчийн алжаалыг тайлахаар, бие угаадаг ванна онгоцонд шампан дарс дүүргээд түүнийг оруулсан гэдэг. Энэ тухай музейн тайлбарлагч ярьсныг ер мартдаггүй. Тухайн үедээ хүний хамгийн дээд хүндлэлийн нэг энэ байсан гэнэ лээ.
Тиймээ, найрагчийг би үргэлж хүлээнэ.
“Андын журмаа огтхон ч мартаагүй
Алс замд яаруухан яваа нөхрийн минь
Унаа морьдыг нь бүү шавдуул
Умрын салхи л харин исгэрэн ташуурдаг...
” Уулзалгүй удсан нөхөр минь хүрээд ирнэ гэхээс, босон суун харуулдсаар...
“Амьдралын сайхан нь уулзалтандаа” хэчнээн гоё үг билээ.... 2022.06.06.
Бурхантын хөндийн хотоос.
Түшсэн эх сурвалж: “Евгений Онегин” шүлгэлсэн роман , Ч.Чимид, “Хөшөө дурсгалаа босгов, би” шүлэг , Д.Урианхай “Сибирийн хүдрийн уурхайн гүнд” шүлэг , С.Дондог, “Өвлийн орой” шүлэг, Б.Болдсүх нарын орчуулснаас эшлэл болгон авав.
Гэрэл зураг дээр: Москва хотын А.С.Пушкины талбай дээр нэг курсийн нөхөр Лодонгийн Түдэвийн Шийрийтүмтэй хамт. 1984 оны зун.