Намайг бүүр багад л ээж , аав хоёр минь; -Энэ яаж амьдарна даа ,манай энэ ямар хүнтэй суух бол доо, яана даа гэж ирээд л ахын маань тухайд хоорондоо ярьж санаа зовдог байсансан. Ах минь дүрсгүй. Сэргэлэн цовоо гэж жигтэйхэн. Хүн хүний хайрыг булаасан хүүхэд байж. Манайд хүн л ирвэл ээж, аав ахын тухай л хөөрнө. рин - Манай хүү ингээд ,манай хүү тэгээд гээд л. Ах минь аав, ээжийн минь хувьд ганц бахархал, бас цорын ганц итгэл найдвар нь ч байсан юм шиг байгаа юм. Гэхдээ яагаад ч юм бүү мэд, дандаа л ; - Яана даа манай энэ гэчихсэн байдаг байж билээ. Ах минь 10 - дугаар ангиа алтан медальтай төгссөн ч бас л аав, ээж хоёр; - Яана даа, одоо хүү минь ямар хүнтэй суудаг юм бол доо, яана даа миний муу хүү яаж шуу явах бол гэх үгс нь урссаар л. Харин би бол хувьдаа ахыгаа үнэхээр мундаг явна. Миний ах, миний ах ийм сайхан хүн юм чинь азтай хүн л миний ахтай суух байх даа гэж боддог ч , аав ээжээс айгаад тэгж хэлж зүрхэлдэггүй байв. Ах минь Герман гэх улсад Их сургуульд явах боллоо. Охинтой ч үнсэлцэж үзээгүй, архи ууж ,тамхи ч сорж үзээгүй ах минь байсан юм шүү дээ. Ах минь хоол сайхан хийнэ, хэдэн охин дүү нараа бөөцийтөл үсийг нь самнах, хувцасыг нь индүүдэх гээд л ер нь ээж шиг ,аав шиг минь халамжилдагсан. Их сургуулиа ч ах маань онц дүнтэй төгслөө. Ах минь эмэгтэйчүүдийн нүд унам улам сайхан эр болжээ. Ээж ,аав хоёр бас л хөөрцөглөн ;- Яана даа, миний муу хүүтэй ямар бүсгүй таарч суудаг юм бол доо, яана даа миний хүү гэж уулга алдах нь хэвээрээ л. Сайхан ах минь харин нэг өдөр харахад бол ёстой л ээж аавын яанаа гэмээр л бүсгүйг дагуулаад ирэх нь тэр. Үнэндээ бол тэр эгч миний сайхан ах хоёр газар тэнгэр шиг ялгаатай харагдах. Харахаас л сайхан ах минь энэ намрын хожуул шиг харагдах эгчтэй суух нь гэхээс л гол харлаж байв. Тэгсэн ч хэнийг ч гомдоохыг хүсдэггүй сайхан ах минь Заяа гэх тэр эгчийг хүүхэдтэй болсон тул сууна гэж хатуу шийдсэн байлаа. Ээж аавын минь :- Яана даа, миний хүү, ямар юмтай суудаг бол гэж хэлдэг байсан үгсийг чөтгөр аваасай гэмээр харуусан би ихэд уйлсансан. Ах минь олон эмэгтэй дүүтэй тул хүнд их зөөлөн, бас тусархуу. Хэдийгээр гадаадад сургууль төгссөн ч ах минь архи гэгчээс хол байж амьдралаа авч явах гэж зүтгэдэг жинхэнэ эр байсан юм. Заяа эгч зүс царай бүгээн шигээ зүрх сэтгэл ч бас царцуухан хүн шиг надад санагдах. Хаа нэг ахынхаа гэрт очиход орон гэр нь ундуй сундуй, хүүхдийн шээс үнэртүүлсэн. Үс гэзгээ ч самнаагүй , гал тогооных нь өрөө дүүрэн угааж цэвэрлээгүй аяга таваг өрөөстэй байх. Аргаа ядаад ханцуйгаа шамлан цэвэрлэх гэхэд - Миний дүү хэрэггүй ээ, ах нь ажлаасаа ирээд хийчихнэ гэхэд чаддагсан бол алгадаад авмаар санагддаг байж билээ. Миний сайхан ах минь ийм ч хүнтэй суучих гэж дээ. Манай ангийн хамгийн хөөрхөн охин Хорлоо хүртэл ахад минь ямар их хайртай байлаа даа гэж бодохоос л гол харлах. Ах минь удалгүй 3 хүүтэй болсон ч орон гэр нь урьдын хэвээр. Ах минь гадаа гарч эр, гэрт орж эм болсоор. Автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байтал нэг л их танил хүн харагдах нь тэр. Сайн харвал гуйвж дайваад яваа ,согтуу хүн ,үгүй ээ ах минь байх нь тэр. Ахаа, ахаа гэсээр хажууд нь очвол - Аа миний дүү ,миний хайртай хөөрхөн дүү минь үү дээ. - Ахаа та чинь яагаад архи ууж байгаа юм бэ, та чинь архи уудаггүй шүү дээ гэхэд - Дүү минь хайртай хүнтэйгээ л суугаарай, ах шигээ хариуцлагатай хүн байх гэсний хэрэггүй шүү. Хариуцлага, хариуцлага гэж...юу юм бэ ? Ах нь Заяа эгчийнх нь өмнө хариуцлагаа хүлээж эр хүн шиг эр хүн байх гэж хүүгээ өнчрүүлэхгүй гэж суусан юм. Гэтэл, гэтэл дүү минь мэдэж байна уу? Анхнаасаа том хүү минь миний хүүхэд биш байж. Тэр намайг хуурчихаж. Гэхдээ дүү минь би хүүдээ ямар их хайртай билээ дээ, одоо биш гэж мэдсэн ч би хайртай хэвээрээ л байх болно. Гэхдээ яах гэж намайг хуураа вэ? Ах нь танай ангийн Хорлоо байна ш дээ тээ, түүнд ,түүнд би хайртай байсан юм шүү дээ. Одоо тэр цаг хугацааг юугаар ч нөхөхгүй. Миний дүү хэзээ ч битгий ингээрэй, Заяа эгч шигээ өөрт нь хайргүй хүнийг хуурч бүү суугаарай гээд уйлахад эргэн тойрны хүмүүс ах бид хоёрыг ихэд сониучирхан харж, зарим нь ахыг минь нэг муу хар архичин гэсэн маягаар харах нь надад мэдрэгдэнэ . Түүнээс хойш ах минь байнга архи уудаг болсон юм. Сайхан ахын минь амьдрал яана даа ,яана даа гэх тэр байнга хэлдэг байсан үгс шиг л бутарч, хагарч байлаа. Ахын минь бүх хүсэл мөрөөдлийг үгүй хийх мөрөөрөө хийхгүй хайртай хүүг нь хүртэл нэг хэрэлдэхдээ чиний хүүхэд биш , өөр хүний хүүхэд чамтай суух гэж тэгж хэлсэн юм хохь чинь, заяа чинь тэр за гэж хэлсэн Заяа эгчийг би үзэн яддаг. Ах минь улам л архинд донтсоор, нэг л өдөр өвлийн хүйтэнд хөлдөж үхсэн юм. Яана даа ,миний хүү гэж дандаа мууг ёрлосон юм шиг үглэдэг байсан та хоёрын гай, хариуцлага, хариуцлагатай бай гэж сургасан та нарын буруугаас хайран хүү чинь үхсэн, хайран хүү чинь архичин болсон гэж нэг өдөр би ээж аав хоёр луугаа тэсэлгүй хашгирахад ганц хайртай хүүгээ алдаад нэг л өдөр гэнэтхэн зэрэг өтөлчихсөн хоёр жижигхэн хөгшин өөдөөс минь юу ч хэлэхгүй уйлж зогсохыг хараад би алчуураа шүүрч аван гэрээсээ гүйн гарсан. Өөдөөс өвлийн тасхийм жавар алгадаад авах шиг л ороолгож байлаа. Би гүйсээр л ,уйлсаар л ,цас ширхэглэн унасаар л байлаа...
ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ ("ЭРГЭЖ БҮҮ ХАР" түүврээс)