Монголын оюуны ертөнцийнхөн ээлжит Их Хурлаа хийж, Монголын Зохиолчдын Эвлэлийн Удирдах бүрэлдэхүүнийг сонголоо. Яруу найрагч Гантулга, Саруулдалай, судлаач Нямдорж, Ганболд, орчуулагч О.Чинбаяр нарын 9 тэргүүлэгч гишүүн, Урангоо даргатай Хяналтын зөвлөлийг МЗЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурлаас баталлаа. Харин Удирдах Зөвлөлийн даргад яруу найрагч Ичинхорлоо, Хасар, судлаач Батхуяг, зохиолч Сарантуяа нар өрсөлдсөнөөс 140 санал буюу, 57 хувийн саналаар яруу найрагч Ичинхорлоо ялалт байгуулж, Монголын Зохиолчдыг ирэх 4 жилд удирдах боллоо. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулснаас Б.Ичинхорлоогийн " 4 Х 4" илтгэл зохиолчдын сэтгэлд нийцэж, улмаар төлөөлөгч зохиолчдын дийлэнхийн дэмжлэгийг авсан байна. Зохиолчын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, Зохиолчдын ордонг уран бүтээлийн ордон болгох, Зохиолч-уншигчдын холбоог тогтмолжуулах, Утга зохиолын үндэсний хөтөлбөр боловсруулж Төр засагтай хамтран ажиллах, Утга зохиолын салбар нэгжийн үйл ажиллагааг шинэ шатанд дэвшүүлэх, Утга зохиолын сангуудтай үйл ажиллагаагаа хорших, Монгол туургатан зохиолчдын харилцааг хөгжүүлэх, Монгол бичигтэн зохиолч болох, энэ бүх үйл ажиллагаагаар дамжуулан Монголын Зохиолчдын Эвлэлийн нийгэм дэх байр суурийг дээшлүүлэх санааг дэвшүүлсэн нь зохиолч нөхдийн хүсэн хүлээсэн зүйл байлаа. Тус Их Хурлаас МЗЭ-ийн даргаар сонгогдсон Б.Ичинхорлоо: - Удирдах зөвлөлийн даргын сунгаанд миний бие мөрийн хөтөлбөрөө танилцуулан, үнэмлэхүй олонхийн саналаар ирэх дөрвөн жилд их айлыг удирдах хариуцлагатай үүрэг хүлээлээ. Их хуралдаа зорин ирж, их утгазохиолын ирээдүйн төлөө сэтгэл тавьж, бодлоо чилээж, саналаа хэлж, дэмжиж, шүүмжилж, шинэ санаачлага, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан Эрхэм нөхөддөө баярлалаа.Би мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллана. Та бүхнийхээ, Монголын их утга зохиолын төлөө эцсээ хүртэл явах болно. Та бүхний онгод билиг дүүрэн, уран бүтээл арвин, амьдрал нь аз жаргалтай байх болтугай гэж хэллээ.